Энтрепренер эмэгтэйчүүдийн форум 3 дахь жилдээ зохион байгуулагдлаа.
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн санхүүжилттэйгээр хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрөөс олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Энтрепенер эмэгтэйчүүд” форумыг зохион байгууллаа. BEST нь жижиг, дунд бизнесүүдийн санхүүжилтийн хэрэгжилтийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглалыг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн судлах зорилго бүхий АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Улаанбаатар хот болон 12 аймагт хэрэгжүүлж буй хөтөлбөр юм.
АНУ-ын ОУХА-ын Монгол дахь хөгжлийн асуудал хариуцсан дэд дарга Стив Винкейтс форумыг нээж хэлсэн үгэндээ “Best хөтөлбөрөөр дамжуулан нийтдээ 5500 гаруй эмэгтэйчүүд өөрсдийн бизнесээ босгож, тулгамдаж буй асуудлаа шийдсэн. Энэхүү форумаар эмэгтэйчүүд хоорондоо санал солилцож, жендерийн эрх тэгш байдал яагаад чухал болохыг, эмэгтэй бизнес эрхлэгчид нягт хамтран ажиллах нь ямар үр ашигтай вэ гэдгийг ойлгуулах зорилготой” гэдгийг онцоллоо.
Форумын үеэр тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамрагдсан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүд туршлагаасаа хуваалцсанаас гадна “Жижиг, дунд бизнес дэх эмэгтэйчүүдийн оролцоо” судалгааны үр дүнг танилцуулсан юм. Энэхүү судалгаагаар бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн 35.7 хувь нь хөнгөлөлттэй санхүүжилтийн хэрэгцээ байна гэсэн бол, тулгамдаж буй гол асуудлын нэг нь хүний нөөцийн тогтвортой асуудал гэсэн байна.