ӨГӨӨЖ ШИМ ХХК, ЛИДЕР КАШМИР ХХК-ДАД ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОВ
Монголын Ноос Ноолуурын Холбооны дэргэдэх Баталгаажуулалтын албаны техникийн хорооны 2024 оны 05-р сарын 21-ний өдрийн хурлаар мэргэжлийн шинжээчдийн үнэлгээ, дүгнэлтийг үндэслэн Өгөөж Шим ХХК, Лидер Кашмир ХХК-д MNS 3683:2015 Ямааны хялгасыг ялгасан ноолуур. Техникийн шаардлага, MNS6809:2019 Ямааны ноолуур,тэмээний ноос, сарлагийн хөөврөн нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн, Техникийн шаардлага стандартуудыг хангаж байгааг баталгаажуулан Тохирлын гэрчилгээг олгохоор боллоо. Дээрх компаниудад хөндлөнгийн шинжээч Л.Одгэрэл, Б.Нарантуяа, М.Мөнхбат, М.Заяа нар шударга байдлын мэдэгдлийн дагуу ажиллалаа.
Өгөөж шим ХХК нь 2005 оноос ноос, ноолуур угаах, самнах үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа явуулж 2012 оноос салбарын үйлдвэрүүдтэй кластераар ажиллаж, ээрмэл утас захиалгаар хийлгэн дотоодын жижиг, дунд үйлдвэр, цехүүдэд нийлүүлж байна. Олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, үнэ цэнийг бий болгон, хэрэглэгч, харилцагчдынхаа итгэлийг хүлээсэн, нийгмийн хариуцлагын хүрээнд дотоод хяналтын ISO/IEC 17025 (MNS ISO/IEC17025-2018) лабораторийг итгэмжлүүлэн ажиллаж байна.
Лидер Кашемир ХХК нь 2014 онд 1800м2 талбайтай жилд 200тн ноос ноолуур самнах үйлдвэр, 2017 онд 1800тн ноос ноолуур угаах хүчин чадалтай 3250м2 үйлдвэрийг ашиглалтанд оруулж 2018 оноос эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлд шинэ төсөл хэрэгжүүлж, тансаг зэрэглэлийн ноолуур, сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн үйлдвэрлэж бүтээгдэхүүнийхээ 30 хувийг Ази болон Европын орнуудад экспортолдог.