ГОВЬ ХК-ИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЧАНАРЫГ ОЛОН УЛСАД БАТАЛГААЖУУЛАХ “МОНГОЛЫН ХААН ШИРХЭГТ” ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭНИЙ ХУГАЦААГ СУНГАВ.
Баталгаажуулалтын албаны техникийн хорооны 2023 оны 5-р сарын 10-ний өдрийн хурлаар мэргэжлийн шинжээчдийн үнэлгээ, дүгнэлтийг үндэслэн тус компанийн бүтээгдэхүүн нь Монголын Хаан Ширхэгт нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүний MNS 6809:2019 стандартын шаардлага хангаж байгааг баталгаажуулан “Монголын Хаан Ширхэгт” тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгалаа.
Баталгаажуулалтын албаны хөндлөнгийн хараат бус шинжээч, Монгол Улсын зөвлөх инженер С.Рэгзэдмаа ахалж, ШУТИС-ийн багш П.Одмаа, ХХААХҮ-ийн судалгаа хөгжлийн төвийн мэргэжилтэн М.Мөнхбат нар Говь ХК-ийн тохирлын гэрчилгээ олгох үйл явцад үнэлгээ хийж ажиллалаа.
“Монголын Хаан Ширхэгт” тохирлын тэмдэг нь тухайн ноос, ноолуураар үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн нь тогтоосон стандарт шаардлагыг бүрэн хангасан, Монголын гарал үүсэлтэй 100 хувь ноолуураар дэлхийн стандартад нийцсэн, байгальд ээлтэй үйлдвэрлэлээр үйлдвэрлэгдсэн, өндөр чанартай бүтээгдэхүүн гэдгийг гэрчлэх бөгөөд ноос, ноолууран бүтээгдэхүүний гарал үүслийн болон чанарын баталгаа болох юм.
Говь хувьцаат компани нь 1981 онд байгуулагдсанаасаа хойш хэрэглэгчдийнхээ таашаалд нийцсэн төгс загвар, чанарыг эрхэмлэн дэвшилтэд технологийг нэвтрүүлэгч, нийгмийн хариуцлагыг дээдлэгч, монгол ноолуурыг гадаад зах зээлд таниулж, хүнд болон байгальд ээлтэй, ёс зүйтэй, нийгмийн хариуцлагатай, менежментийн оновчтой тогтолцоог үйлдвэрлэлийнхээ дамжлага бүрт бий болгон ажилладаг үндэсний анхдагч, тэргүүлэгч үйлдвэр юм.