Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

ШИНЭ НЭР ТӨРЛИЙН ЭЭРМЭЛ ҮЙЛДВЭРЛЭХ, ХОЛИО ХИЙХ, ХОЛИОНЫ ӨНГӨ ГАРГАХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

Байгаль орчинд ээлтэй, нөхөн сэргээгддэг экологийн цэвэр бүтээгдэхүүний хэрэглээ дэлхийн түвшний хэрэглэгчдийн амьдралд өдрөөс өдөрт нэвтэрч байна. Мөн дэлхий нийтээр байгаль дэлхий болон хүний биед хор нөлөөгүй үйлдвэрлэл явуулах үйл ажиллагааг маш идэвхтэй дэмжиж байгаа өнөө үед хаягдалгүй, тогтвортой үйлдвэрлэл явуулах зайлшгүй шаардлагатай байна.
Өнөөдөр үйлдвэрлэгчид, ялангуяа ноос, ноолуур боловсруулах салбарынхан, бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ нэг талаас хүрээлэн байгаа орчиндоо сөрөг ул мөр үлдээхгүй байх, нөгөө талаас хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээ, сонирхолд нийцсэн шинэлэг загвартайг урлах зэрэг олон асуудлуудыг авч үзэх шаардлагатай болж байна. Энэ бүхэн нь инженер, техникийн ажилтнуудын мэдлэг, ур чадварт үндэслэгдэн шийдвэрлэгддэг.
Энэ удаагийн сургалтаар ноос ноолууран үнэт түүхий эдийн ашиглалтыг нэмэгдүүлэх арга зам, цагирагт ээрэх машины шинэ төрөл (соло-ээрэх, сиро-ээрэх, компакт ээрэх), шинэ төрлийн ээрмэл үйлдвэрлэх, холио хийх, холины арга гэсэн сэдвээр Шима сэйки сургалтын төвийн багш доктор, профессорД.Энхтуяа, Үйлдвэрлэл технологийн сургуулийн багш Р.Мядагмаа нар салбарын инженер техникийн ажилтнуудад технологийн хичээл орлоо.
Сургалтын явцад дээрх төвийн тоног төхөөрөмжүүдэд түшиглэн үнэт түүхий эдийн ашиглалтыг нэмэгдүүлэх (үйлдвэрлэлийн явц дахь үлдэцийг ашиглах), өнгө-бүтцийн онцлогтой, гоёмсог ээрмэл үйлдвэрлэх, шинэ төрлийн ээрмэл ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх туршилтуудыг гүйцэтгэсэн нь шинэлэг болов. Сургалтаар суралцагсад шинэ мэдээлэл авахаас гадна багт хуваагдан ажиллах явцад өөр хоорондоо танилцах, туршлагаа солилцох улмаар цаашид хоршин ажиллах боломж байгаагаа мэдэлцэх зэрэг олон давуу тал гарлаа.
Эрдэнэт хотоос сургалтанд оролцож байгаа Эрдэнэт хивс ХХК-н химийн инженер Э. Отгонжаргалын хэлсэн сэтгэгдэл:
“Эрдэнэт хивс” ХХK-г төлөөлж сургалтанд хамрагдаж байгаа. Монголын ноос ноолуурын холбооноос зохион байгуулж байгаа нэхмэлийн салбарын инженер техникийн ажилчдыг чадавхижуулах сургалт маш үр өгөөжтэй, шинэ залуу ажилтнуудыг мэргэшүүлэх, мэдлэг чадварыг нь дээшлүүлэх, туршлага солилцох, идэвхижүүлэхэд дэм болсон маш сайхан сургалт болж байна.
Орчин үеийн дэвшилтэт технологи болон дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлыг салбарын хэмжээнд шийдвэрлэхэд анхаарч байгаль орчинд ээлтэй үлдэц материалыг хэрхэн дахин ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн дамжлага дундын хаягдал материалыг холих зэрэг сонирхолтой олон асуудлыг багтаасан онол практик хосолсон сургалтыг цаашид тогтмол хийж байхыг хүсч байна.
Сургалтанд дэмжлэг үзүүлсэн Степ эко лаб төсөл, зохион байгуулж байгаа Монголын ноос ноолуурын холбоо, мэдлэг мэдээллээ хуваалцсан эрдэмтэн, багш нар, сургалтанд оролцсон бусад үйлдвэрийн инженер техникийн ажилчиддаа ажлын амжилт хүсье.