МОНГОЛ УЛСААС АНУ, КАНАД, ШВЕД, ЯПОНД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМДУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.
Өнөөдөр ХХААХҮЯ, Гадаад харилцааны яам, АНУ, Канад, Швед, Япон дахь Монголын Элчин сайд, аттеше нар болон элчин сайдын яамны ажилтнууд, Монголын ноос, ноолуурын холбооны удирдлагууд, Говь, Кашмер Холдинг компанийн төлөөлөл Монгол улсаас гадаадад суугаа ЭСЯ-даар дамжуулан Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг зорилтот зах зээлд таниулан сурталчилах, бүтээгдэхүүний чанар, стандартыг баталгаажуулан олон улсын зах зээлд гаргах, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар цахим уулзалтыг хийлээ.
Уулзалтаар Монголын “Хаан ширхэгт”-аар баталгаажсан бүтээгдэхүүнийг тухайн улсын онцлогт тохируулж сурталчлах, Монголын ноос, ноолуурын салбарын мэдээллийг 3 сар тутамд шинэчилж гадаад дахь ЭСЯ-дад хүргүүлж байх, ёс зүйтэй нийгмийн хариуцлагатай, тогтвортой эх үүсвэрээс бэлтгэсэн Монгол ноолуурын давуу талыг онцлон сурталчилах, эмэгтэйчүүдийг чадавхжуулж эдийн засгийн эрх чөлөөнд хүргэхэд энэ салбар зорьж ажилладаг гэдгийг харуулахад оролцогчид санал нэгдсэн.
Тухайлбал, АНУ-д цар тахлын улмаас эрчтэй хөгжиж байгаа онлайн зах зээлд өөрийн гэсэн платформыг бий болгох, Японы хойд хэсгийн хүйтэн сэрүүн бүс Хоккайдод худалдааны төв нээж тогтмол ажиллуулах, япон хүмүүсийн сэтгэл зүйд тохируулсан анимейшэн бүтээлээр сурталчлах, Канадын ЭСЯ-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулах, Шведэд match making уулзалт хийх, эвент арга хэмжээ зохион байгуулах зэрэг тодорхой арга хэмжээний саналууд дээр тулгуурласан ажлын төлөвлөгөөг ойрын хугацаанд гарган бодит ажлуудыг хийхээр оролцогч талууд харилцан тохиролцлоо.