ХАА-Н САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАГДАЖ БАЙНА.
2023 оны 11 сарын 15-нд Монголын Ноос Ноолуурын Холбоонд Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны захиалгаар НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага /FAO/-аас “Хөдөө аж ахуйн салбарын ажиллах хүчний зах зээлийн судалгаа, 2023-2028 онуудад хэрэгжүүлэх Хүний нөөцийн хөгжлийн төлөвлөгөө”-г боловсруулах ажлын хэсгээс ноолуурын салбарын хүний нөөцийн ажилтнуудтай салбарын ажиллах хүчний асуудлаар хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
НҮБ-ын ХХААБ-ын зөвлөх Г.Баттулга Хүний нөөцийн стратегийн төсөлд тусгагдсан байгаа зорилго, зорилт үйл ажиллагаануудын талаар танилцуулав. Төлөвлөгөөний гол зорилго нь хөдөө аж ахуйн салбарын хүний нөөцийн мэргэжлийн мэдлэг, ур чадварыг орчин үеийн хэрэгцээнд нийцүүлж сайжруулах, хүний нөөцийн залгамж халааг бэлтгэх, залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажиллах нөхцөлийг сайжруулах, хүний нөөцийн төлөвлөлт болон удирдлагын чадавхыг нэмэгдүүлэх цаашдаа салбарыг чадварлаг хүний нөөцөөр хангахад чиглэгдсэн байгаа юм байна.
Ноолуурын салбарын хүний нөөцийн мэргэжилтнүүд ажлын байрны хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцсэн салбартаа манлайлах мэдлэг ур чадвартай, мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэхэд өөрсдийн үнэтэй саналаа өгч, туршлага хуваалцан, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц, боломжийн талаар санал солилцлоо. НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага /FAO/-аас хэлэлцүүлгийн санал, туршлага, боломж шийдлүүдийг тус төлөвлөгөөнд тусгахаа илэрхийлэв.