Италийн Complett компанитай Киттель машины сургалтын төв байгуулж хамтран ажиллах талаар ярилцав.
Монголын ноолуурын салбарт түгээмэл хэрэглэгддэг тоног төхөөрөмжүүдийн нэг нь киттель машин. Киттель машин үйлдвэрлэлээр Италийн Complett компани алдартай. Монголын үндэсний үйлдвэрүүдийн дийлэнх нь тус компанийн тоног төхөөрөмжөөр тоноглогдож байгаа билээ. Италийн Complett компанийн менежер Луйжи Паоло Мажони 2022 оны 11-р сарын 21-26-ны өдрүүдэд Монголын ноолуурын салбарын үйлдвэрүүдэд ажиллаж байна. Тэрбээр ажиллах хугацаандаа харилцагч байгууллагуудынхаа санал сэтгэгдлийг сонсч цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцсан юм.
Ноён Луйжи Паоло Мажони энэ үеэр Монголын ноос ноолуурын холбооны дэргэдэх Текстилийн технологийн төвийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд Киттель машины сургалтын төв байгуулж хамтран ажиллах талаар Монголын ноос ноолуурын холбооны удирдлагуудтай санал солилцлоо.
Энэ нь салбарын үндэсний үйлдвэрүүдэд суурилагдаж буй сүүлийн үеийн технологи бүхий тоног төхөөрөмж дээр ажиллах киттельчдийг сургаж бэлтгэхэд багагүй хувь нэмэр оруулах бөгөөд нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.