КАНАДЫН “APPAREL TEXTILE SOURCING” ҮЗЭСГЭЛЭНД НООЛУУРЫН КОМПАНИУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
Канад Улсын Торонто хотноо 11 дүгээр сарын 7-9-ний өдрүүдэд болсон Сүлжмэл хувцасны “Apparel Textile Sourcing” үзэсгэлэнд Монгол Улсаас Ханбогд Кашмир, Сноу Филдс, Монгол Нэхмэл компаниуд оролцож, бүтээгдэхүүнээ танилцууллаа. Жил бүр зохион байгуулагддаг энэ үзэсгэлэнд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам оролцож, хамтран ажиллав. Энэхүү үзэсгэлэнд Монголын ноос ноолуурын холбооны гишүүн компаниуд нь 20 хувийн талбайн түрээсийн хөнгөлөлттэй орж байгаа юм.
Үзэсгэлэнгийн эхний өдөр Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд болон манай улсаас оролцож буй компанийн төлөөлөгчид Apparel Textile Sourcing үзэсгэлэнгийн Гүйцэтгэх захирал Жэсон Прискот, Канадын хувцас үйлдвэрлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Боб Кирке, БНХАУ-аас Торонто хотод суугаа Ерөнхий консул Хан Тао нартай санал солилцож, манай оролцогч компаниудын боловсруулсан ноос, ноолуур, ээрсэн утас, бэлэн бүтээгдэхүүнийг танилцууллаа. Мөн Жорж Броун коллежийн загвар зохион бүтээгчийн ангийн оюутнуудад манай улсын ноос, ноолуурын салбар, түүхийн эд, бэлэн бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгөв.
Үзэсгэлэнгийн хоёрдахь өдөр зохион байгуулагддаг семинарт Элчин сайд Я.Ариунболд болон Snow Fields компанийн менежер Г.Эрхэмболд нар оролцож, Монгол Улсын ноос, ноолуурын салбарын үйлдвэрлэл, онцлог, ялгарах давуу байдал, мөн тогтвортой үйлдвэрлэл, түүхий эд бэлтгэлийн талаар хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулга хийж, оролцогчдын асуултад хариулж, санал солилцлоо.
Канадад суугаа Монголын элчин сайдын яамнаас үзэсгэлэнгийн үеэр Олон улсын зах зээлд Монголын ноос ноолууран бүтээгдэхүүнийг сурталчилах, худалдаалахад байгальд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийн гэрчилгээтэй байх нь давуу талтай болох, Монголын ноос ноолуурын холбооноос “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл”, Монголын Хаан Ширхэгт” барааны тэмдэг, гэрчилгээг олон улсад таниулах, хүлээн зөвшөөрүүлэх чиглэлээр ажиллах шаардлагатай байгааг дурьдлаа.