СОР КАШМИР ХХК, НЭГҮН КАШМИР ХХК-ДАД ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОВ
Монголын Ноос Ноолуурын Холбооны дэргэдэх Баталгаажуулалтын албаны техникийн хорооны 2024 оны 05-р сарын 09-ний өдрийн хурлаар мэргэжлийн шинжээчдийн үнэлгээ, дүгнэлтийг үндэслэн Сор Кашмир ХХК, Нэгүн Кашмир ХХК-дад MNS 3683:2015 Ямааны хялгасыг ялгасан ноолуур. Техникийн шаардлага, MNS6809:2019 Ямааны ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөврөн нэхмэл, сүлжмэл бэлэн бүтээгдэхүүний шаардлага стандартуудыг хангаж байгааг баталгаажуулан Тохирлын гэрчилгээг олгохоор боллоо. Дээрх хоёр компанид хөндлөнгийн шинжээч С.Баяр, Л.Ганбат нар шударга байдлын мэдэгдлийн дагуу ажиллалаа.
Сор Кашмир нь сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж болох Японы MURATEC, Германы “STOLL”, Японы “Shima Seiki” автомат сүлжих машин, Итали улсад үйлдвэрлэсэн киттель оёдлын “COMPLETE” зэрэг техник технологитойгоос гадна 2023 онд шинээр бохир ус цэвэрлэх байгууламж, анхан шатны угаах иж бүрэн 2 шугам, Италийн BIGAGLI ээрэх 2 шугам шинээр угсарч хүчин чадлаа 2 дахин нэмэгдүүлэн ажиллахад бэлэн болоод байна.
“Нэгүн кашмер” ХХК нь ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээ, хонины ноосон сүлжмэл эдлэлийн үйлдвэрлэлээр дагнасан үндэсний жижиг дунд үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд жилдээ 96000 ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Нэгүн Кашмер ХХК нь түүхий эдийн чанартаа онцгой анхаарч хамгийн нарийн чанартай ноолуураар бүтээгдэхүүн үйлдвэрлэж Өмнөд Солонгос, Япон, Итали, Орос, Канад, Хятад, АНУ, Герман, Казахстан зэрэг олон улсын зах зээлд экспортолж байна.