СНОУ ФИЛДС ХХК “МОНГОЛЫН ХААН ШИРХЭГТ” ТОХИРЛЫН ТЭМДГИЙГ ЭЗЭМШИХ ЭРХЭЭ ДАХИН БАТАЛГААЖУУЛЖ, “ТЕКСТИЛИЙН ТОГТВОРТОЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ” ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭГ ШИНЭЭР ГАРДАН АВЛАА.
Монголын ноос ноолуурын холбооны дэргэдэх Баталгаажуулалтын албанаас текстилийн салбарын тэргүүлэгч компанийн нэг Сноу Филдс ХХК-д “Монголын Хаан Ширхэгт” болон “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл”-ийн тохирлын гэрчилгээг 2023 оны 12-р сарын 22-нд гардуулан өглөө.
Баталгаажуулалтын албаны хөндлөнгийн хараат бус шинжээч Монгол Улсын зөвлөх инженер С.Рэгзэдмаа, Монгол Солонгосын политехникийн коллежийн багш А.Айгуль нар Сноу Филдс ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл явцад, хараат бус шинжээч М.Мөнгөнбаяр, Монгол Улсын зөвлөх инженер С.Саранцэцэг нар тус компанийн нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн MNS 6809:2019 стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг баталгаажуулах үнэлгээг тус тус хийсэн байна.
Сноу Филдс ХХК нь 2006 оноос тогтвортой үйлдвэрлэл явуулж байгаа цогцолбор үйлдвэр бөгөөд нийт бүтээгдэхүүний 80 хувийг Япон руу экспортолдог. Мөн ямааны ноолуураас гадна сарлагийн хөөвөр, тэмээний ноосон бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж ЖДҮ-тэй кластерийн зарчмаар ажилладаг нийгмийн хариуцлагатай компанийн нэг юм.
Тус компани “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл” MNS 6926:2021 стандартын хүрээнд хүн болон байгальд ээлтэй, зөв засаглалтай, нийгмийн хариуцлагатай, тогтвортой үйлдвэрлэлийг хэрэгжүүлэн менежментийн зөв тогтолцоог үйлдвэрлэлийнхээ шат дамжлага бүрт бий болгон ажиллаж байна. Түүнчлэн цахилгаан эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, техник технологийн дэвшлийг ашиглан үр ашиггүй хэрэглээг багасган, байгаль орчны бохирдол багатай, байгалийн баялгийг зүй зохистой ашиглахад ихээхэн анхаарч ажилладаг юм.