ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ТӨВ /ITC/-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХОЛБООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.
Монгол улсын Засгийн Газар, Олон улсын худалдааны төв /ITC/ хамтран “Дэлхийн экспортыг дэмжих форум”-2023-ыг 6 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээнд урилгаар оролцож байгаа Олон улсын худалдааны төв /ITC/ -ийн олон улсын зөвлөх Варун Вайд, Амаля Мхитарян нар Монголын ноос ноолуурын холбоонд зочилж, холбооны болон текстилийн технологийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Дээрх олон улсын зөвлөхүүд нь Монгол Улсын уул уурхайн бус экспортын зах зээлийн боломж, хөгжлийн стратеги төлөвлөгөөний талаар харилцан санал солилцож, улмаар цаашид хэрэгжүүлэх ажлын тодорхой шийдлүүдийг гаргах, гадаад зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, Монголын текстилийн салбарын Үндэсний Экспортын Стратеги боловсруулахад дэмжлэг үзүүлэн ажиллах боломжийг дурьдлаа.
20 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус форум нь далайд гарцгүй хөгжиж буй орнуудын худалдаа, экспортыг дэмжих, жижиг дунд үйлдвэрүүдийг бараа, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах, дэлхийн болон бүс нутгийн нэмүү өртгийн сүлжээнд нэгдэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготойгоор олон улсын байгууллагуудын дуу хоолойг нэгтгэж байгаагаараа онцлогтой юм.