ЭНЭ САРЫН 3-НД 20 ТОНН НООЛУУР ТЭЭВЭРЛЭН УЛААНБААТАРААС ХӨДӨЛСӨН МАШИН ИТАЛИД ОЧЖЭЭ
2021 оны зургаадугаар сарын 3-ны өдөр Улаанбаатараас хөдөлсөн 20 тонн хялгасыг ялгасан ноолуур ачсан тээврийн машин 22-ны өдөр Италийн ноос, ноолууран нэхмэл эдлэлийн үйлдвэрлэлийн төв болсон Пиемонте мужийн Биелла хотод ирэв.
Энэ оны хэмжээнд “Ханбогд кашмер” компани “Монголын Хаан Ширхэгт” тэмдэг бүхий 40 гаруй тонн самнасан ноолуурыг Италийн дээрх компаниудад төдийгүй Их Британийн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нэр бүхий компанид газрын тээврээр нийлүүлэх юм.
Монголоос анх удаа газраар тээвэрлэгдсэн ноолуурыг Италийн ноос, ноолуурын хамгийн том “Ди-Эс-Ви” гаалийн баталгаат агуулахад хүлээлгэн өгөх ёслолд Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж, ноолуур худалдан авагч Коломбо, Фалконери компани болон Ди-Эс-Ви гаалийн баталгаат агуулахын удирдлага тус тус оролцов.
Элчин сайд Ц.Жамбалдорж Биелла хотод ажиллах үеэрээ Италийн ноолуур, ноосон бүтэгдэхүүн үйлдвэрлэгчидтэй уулзаж, дэлхийн түүхий ноолуурын 40 орчим хувийг ганцаар үйлдвэрлэгч Монголын хялгасыг ялгасан ноолуурын Итали болон Европын Холбооны зах зээлд гаргах хэмжээг цаашид нэмэгдүүлэх, тээвэр ложистикийн асуудлыг хөнгөвчлөх, эрсдэлийн даатгалын зохион байгуулалтыг сайжруулах боломжийн талаар санал солилцлоо.