МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ШИНЭ ШАТАНД ГАРГАЛАА.
2021 оны 3 сарын 16–ны өдөр Байгальд ээлтэй, тогтвортой ноолуурын үйлдвэрлэлийг бий болгохоор зорин ажиллаж буй төр, малчид, малчдын хоршоод, бэлчээр ашиглагчид, ноос ноолуурын үйлдвэрүүд, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүдийн төлөөлөл болох ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, Монголын Ноос Ноолуурын Холбооны Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Швейцарийн хөгжлийн агентлагын “Ногоон Алт Малын Эрүүл Мэнд” төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан, Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, STeP Eco Lab төслийн менежер У.Сарангоо, WCS Байгууллагын Өмнийн Говийн Ноолуур төслийн менежер Ж.Чанцаллхам, “Тогтвортой Ноолуур” Холбооны Гүйцэтгэх захирал Д. Оюунгэрэл нар хуралдаж Тогтвортой ноолуурын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оролцогч талуудын хэрэгжүүлж байгаа ажлуудыг төрийн бодлогын түвшинд уялдуулан зохицуулах, “Монголын Хаан Ширхэгт” тохирлын тэмдгийн дор нэгдэн, “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл” болон “Хариуцлагатай Нүүдэлчин” малын гаралтай түүхий эдийн тогтвортой үйлдвэрлэлийн стандартуудтай холбогдуулан олон улсын зах зээл дээр Монгол ноолуурын өрсөлдөх чадвар, чанарын ялгарлыг баталгаажуулах талаар санал бодлоо солилцлоо.
Мөн Монголын тогтвортой дээд зэргийн чанартай ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд таниулахад бусад ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс Монгол гарал үүсэл, онцлог байдал, чанарын ялгарлыг баталгаажуулах газар зүйн заалт бүхий үндэсний стандартууд, өөрөөр хэлбэл бэлчээрээс эхлээд үйлдвэрийн хаалгаар бэлэн бүтээгдэхүүн болоод гарах хүртэл бүхий л процессийг цахим системээр мөшгих боломжийг бүрдүүлж эхлээд байна. Цаашид тогтвортой үйлдвэрлэлийн стандартыг хэрэгжүүлэх үндэсний байгууллагуудын чадавхийг хөгжүүлэх, Монголын тогтвортой ноос ноолуурын салбарын зохион байгуулалтыг бэхжүүлэх, малчид, хоршоод, үйлдвэрүүр, гадаад зах зээлийн сурталчилгааны хамтын ажиллагааны замын зургаа гаргахаар боллоо.
Түүнчлэн талууд тус бүр тогтвортой ноолуурын үйлдвэрлэлд оруулж буй хувь нэмэр, оролцоогоо төрийн байгууллагуудад таниулан сурталчлах, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах санал нэгдлээ.