Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

“ДЭЛХИЙД ТАНИГДСАН МОНГОЛ НООЛУУР-30” ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

Монгол Улсын уул уурхайн бус экспортын гол салбарын нэг ноолуурын салбарын мэргэжлийн холбоо-Монголын ноос ноолуурын холбоо(МННХ) үүсч байгуулагдсаны 30 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ 11-р сарын 25-нд Шангрилла зочид буудалд амжилттай болов.
Хүндэтгэлийн арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, мэргэжлийн сургуулиуд, олон улсын донор байгууллагууд, хамтран ажиллагч түншүүд, салбарын аж ахуй нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.
УИХ-ын гишүүн, МННХ-ны ерөнхийлөгч Ж.Бат-Эрдэнэ “Өнөөдөр Монгол оронд 248 мянган малчин өрх хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байна. Малчин өрхийн ноолуураас олох дундаж орлого 4.4 сая төгрөгт хүрсэн нь энэ салбарын хөгжил дэвшлийн өгөөж оролцогч талуудад харилцан үр дүнтэй байгааг илтгэнэ. Ноолуурын салбарынхан 3.1 сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийт борлуулалт 481 сая ам.доллар, нийт экспорт 434.6 сая ам.долларт хүрчээ. Энэ бол Монгол Улсын гадаад валютын нөөц бүрдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж буй үйл ажиллагаа юм” гэж хүндэтгэлийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэв.
МННХ-ны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хэлсэн үгэндээ “Дэлхийд монгол ноолуурыг таниулахад гол түлхэц болох татвар, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх ажил нэн чухал юм. Төр засгийн зүгээс уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүнийг дэмжихэд онцгойлон анхаарч, гаалийн татвар, НӨАТ-ын татвар зэрэг томоохон хууль эрх зүйн хүрээнд ноолуурын салбарт дэмжлэг үзүүлж байгаад талархалтай байна.
Ноолуурын салбарт ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг олон улсын төрийн болон төрийн бус байгууллагуудтай олон талт хамтын ажиллагааг идэвхижүүлж, эрчимтэй ажиллахын зэрэгцээ төрийн үүрэг функцийг төрийн бус байгууллага гүйцэтгэх хүрээнд бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн тогтолцоонд чанар, стандартын баталгаажуулалтыг хийж гүйцэтгэж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна” гэж онцоллоо.
Тус арга хэмжээний үеэр байгальд ээлтэй, цахилгаан эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, техник технологийн дэвшлийг ашиглан үр ашиггүй, хэрэглээг багасгаж, үлдэцийг ашиглан хог хаягдалгүй үйлдвэрлэлийг нэвтрүүлж, байгалийн баялгийг зүй зохистой ашиглахад ихээхэн анхаарч тогтвортой үйлдвэрлэлийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа Говь-Эрдэнэ Кашмир ХХК нь ЖДҮ-ээс анхдагч болон Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн 04 гэрчилгээг гардан авлаа.
“Дэлхийд танигдсан Монгол ноолуур-30” арга хэмжээний үеэр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны зөв оновчтой, үр дүнтэй түншлэл болон Монголын ноос ноолуурын холбооны гишүүн байгууллагуудын өнгөрсөн 30 жилийн хамтын үйл ажиллагааны үр дүнг тайлагнаж, текстилийн салбарын тогтвортой хөгжлийн зорилтыг оролцогчдод дэлгэн үзүүллээ.