МОНГОЛЫН НООЛУУРЫН САЛБАРЫН КОМПАНИУД ХЯТАДЫН ЧИНХЭЙН ҮЗЭСГЭЛЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
БНХАУ-ын Хүнс, байгаль, амьтны гаралтай бүтээгдэхүүний худалдааны танхим (CFNA)-ын урилгаар Монголын ноос, ноолуурын холбоо болон ноолуурын салбарын 40 гаруй компанийн төлөөлөл Хэбэй мужийн Чинхэ хотноо зохион байгуулагдсан Xinhua олон улсын ноолуурын урлагийн үзэсгэлэнд амжилттай оролцлоо.
Үзэсгэлэнгийн үеэр Хятад-Монголын ноолуурын хамтарсан хурал болж хоёр орны ноолуурын салбарын хөгжлийн өнөөгийн болон ирээдүйн өсөлт хандлагын тухай хэлэлцэн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Тус танхимтай 2014 онд Монголын ноос, ноолуурын холбоо хамтын ажиллагааны гэрээ байгуулж хамтран ажиллаж байгаа юм.
Монгол ноолуурын салбарын төлөөлөгчид Weilisi, Hao-Li, Zhaoyou, Yutong, M’oro болон C2M Ухаалаг сүлжмэлийн үйлдвэрүүдээр зочилж тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн талаар туршлага судлав. Мөн 1994 оноос уламжлал болон зохион байгуулагдаж байгаа Qinghe Ноолуурын үзэсгэлэн худалдаа, загварын шоуг үзэж сонирхлоо.
Хятадын “Ноолуурын нийслэл” гэж нэрлэгддэг Чинхэ хотод жилдээ 6500 тонн ноолуур боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд Хятад улсын ноолуурын 65%, дэлхийн зах зээлийн 40%-ийг хангадаг байна. 2022 оны байдлаар Хятадын ноолуурын салбарт 70’000 хүн ажиллаж, аж үйлдвэрийн орлого нь 37 тэрбум юань, жилийн өсөлт нь 16.5% хүрсэн аж.