“MNS 6926:2021 – ТЕКСТИЛИЙН ТОГТВОРТОЙ ҮЙЛДВЭРЛЭЛ” ҮНДЭСНИЙ СТАНДАРТ БАТЛАГДЛАА
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа – 2050”, НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт – 2030” бодлоготой уялдуулан текстилийн салбарыг байгальд ээлтэй, нийгмийн хариуцлагатай, тогтвортой үйлдвэрлэлийн зарчим, стандартыг хангасан салбар болгох зорилгоор боловсруулсан үндэсний стандартыг Стандарт Хэмжил Зүйн Газрын дэргэдэх Текстилийн техникийн хороо албан ёсоор баталлаа.
Энэхүү стандартыг олон улсын стандартын үзүүлэлтүүдийг тусган боловсруулсан нь гадаад зах зээлд Монгол ноос ноолууран бүтээгдэхүүн өрсөлдөх чадвартайг нотлох юм.
“MNS 6926:2021-текстилийн тогтвортой үйлдвэрлэл” үндэсний стандарт нь байгалийн нөөцийн зохистой хэрэглээ, нийгмийн хариуцлага, эрчим хүчний болон химийн бодисын хэрэглээ, үйлдвэрлэлийн хог хаягдал, хөдөлмөр хамгаалал, мал амьтны эрх зэрэг өргөн хүрээг хамарч байгаа юм.