ИТАЛИ-МОНГОЛЫН ТЕКСТИЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Монгол Улсын Засгийн газар болон Итали Улсын Засгийн газраас Монгол, Италийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Монголын ноос ноолууран түүхий эдийг Италийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар багагүй хугацаанд ярьж ажил хэрэг болгоход онцгой анхаарснаар өнөөдөр ийнхүү биелж “Итали-Монголын Текстилийн технологийн төв” нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монголын ноос ноолуурын холбооны Тэргүүн Ж. Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Италийн парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж, ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, ХҮБХЗГ-ын дарга М.Дондогдорж, Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лаура Ботта, ACIMIT-ын ерөнхийлөгч Алессандро Зукки, захирал Фэдэрико Пэллэгата болон олон улсын донор байгууллагууд, ноолуурын салбарын үйлдвэрүүдийн удирдлагууд оролцлоо.
УИХ-ын гишүүн, Монголын ноос ноолуурын холбооны Тэргүүн Ж. Бат-Эрдэнэ хэлэхдээ 2018 онд “Итали-Монголын Нэхмэлийн технологийн төв”-ийг байгуулахаар Монголын ноос ноолуурын холбоо, Итали Улсын нэхмэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо /ACIMIT/ болон Италийн худалдааны агентлаг /Agenzia ICE/ гарын үсэг зурж байсан бол өнөөдөр биеллээ олж нээлтээ хийж байна. Энэ төвийг байгуулснаар түүхий эд бэлтгэн нийлүүлэхээс эхлээд эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх технологийн бүх шат дамжлагад Италийн шилдэг туршлагыг нэвтрүүлэх, боловсон хүчнийг сургаж дадлагажуулах, шинэ загварын бүтээгдэхүүнийг бий болгох, Монголын ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд сурталчлах, экспортын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг олон боломжийг нээж өгч байгаа нь “Итали-Монголын Текстилийн технологийн төв” –ийн гол ач холбогдол юм гэлээ.
Цаашид текстилийн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, Италийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд суралцах, боловсон хүчнээ бэлтгэх, бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийх зэрэг олон талт үйл ажиллагаагаа идэвхижүүлэн хамтран ажиллахаар боллоо.
Орчин үеийн өндөр технологи бүхий эдгээр тоног төхөөрөмжүүд дээр ажиллах дадлага туршлагатай инженерүүдийг бэлтгэх, чадавхижуулахад “Итали-Монголын Текстилийн технологийн төв” чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.
Төвийн гол зорилго нь:
• Текстилийн үйлдвэрлэлийн бэлэн бүтээгдхүүнд үйлдвэрлэгчдээс гарсан санал хүсэлтийн дагуу туршилт судалгаа хийж оновчтой технологийн горим, загварыг гаргах
• Салбарын инженер технологийн ажилтнуудын туршлага солилцох платформыг бий болгох
• Текстилийн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бэлтгэгдсэн инженер техникийн ажилтнуудыг салбарт хадгалан авч үлдэх боломжийг эрэлхийлэх
• Жижиг дунд үйлдвэрлэгчид болон худалдаа эрхлэгч нарт зориулж бүтээгдэхүүний загварчлал дээж үйлдвэрлэх, бүтээгдхүүний аналитик шийдлийг гаргах
• Техтилийн салбарт шинээр хэрэгжүүлэх төслүүдэд зөвлөмж зөвлөлгөө өгөх, хамтын шийдэлд хүрэх
• Үйлдвэрлэл эрхлэхийг зорьж буй Start up-уудад зөвлөгөө өгөх,
• Үйлдвэрлэлээ өргөтгөх, шинэчлэх, технологио сайжруулах, үйлдвэрлэлд инноваци нэвтрүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлэх
Текстилийн үйлдвэрлэлийг цаашид эрчимтэй хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Монгол ноолуурыг дэлхийн тавцанд гаргахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна.