ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦИ “САНХҮҮЖИЛТИЙН ТОГТВОРТОЙ МЕХАНИЗМЫГ” ТАНИЛЦУУЛЛАА
Монгол Банк, Монголын ноос ноолуурын холбоотой хамтран ноос ноолуурын экспортыг дэмжих, санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан хамтран ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд 2021 оны 11-р сарын 8-ний өдөр Олон улсын санхүүгийн корпорацийн санхүүгийн салбарын ахлах мэргэжилтэн Б.Батмөнх ноолууран бүтээгдэхүүн экспортлогч гол үйлдвэрүүдийн удирдлагуудтай уулзаж Монгол Банкинд санал болгосон “Ноолуурын салбарт хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн бүтээгдэхүүн” санхүүжилтийн механизмын талаар танилцуулж тэдний саналыг авлаа.
Хоёр факторт санхүүжилтийн схем нь экспортлогчийн банкнаас (export factor) санхүүжилт хийгддэг тул тухайн бараа, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлж буй талаас факторингийн хүсэлт гаргадаг онцлогтой.
Ханган нийлүүлэгчийн санхүүжилтийн систем нь санхүүгийн байгууллагаар дамжуулан ноолууран түүхий эдээ бэлтгэхэд түргэн шуурхай, оновчтой санхүүгийн арга хэрэгсэл юм. Тус санхүүжилтийн схем нь Банкнаас худалдан авагчид шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэн, ноолууран түүхий эдийн төлбөрийг нийлүүлэгчид шууд шилжүүлэх замаар хэрэгждэг олон улсад ихээхэн хэрэглэгддэг санхүүгийн арга хэрэгсэл юм.
Цаашид ноолуурын салбарт санхүүжилтийн тогтвортой механизмыг нэвтрүүлэх, хоёр факторт санхүүжилтийн системийг бий болгох, ханган нийлүүлэгчийн санхүүжилтийн схемийг нэвтрүүлсэнээр түүхий эд бэлтгэлийг сайжруулах, зээлийн нөхцөл сайжрахад ноолуурын салбарт олон давуу талыг бий болгох юм.