ИТАЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДААНЫ АГЕНТЛАГИЙН ДАРГА ЖИАНПАОЛО БРУНО МОНГОЛЫН НООС НООЛУУРЫН ХОЛБООНД ЗОЧИЛЛОО
Италийн Засгийн газрын Худалдааны агентлагийн дарга Жианпаоло Бруно, Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Лауро Боттa нар Монголын ноос ноолуурын холбоонд 2023 оны тавдугаар сарын 4-ний өдөр зочилж Монгол-Италийн Текстилийн технологийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Италийн Засгийн газрын Худалдааны агентлагийн дарга Жианпаоло Бруно Текстилийн технологийн төвийн үйл ажиллагааг сайшаагаад Итали Улс Монголын ноолуурын салбарт стратегийн түншлэгч болохын хувьд Made in Mongolia брэндийг үйлдвэрлэж гадаад, дотоод зах зээлд таниулан сурталчлахад Италийн техник технологийн тусламж, оролцооны талаар онцлон тэмдэглэв.
Итали-Монголын хамтын ажиллагааны загвар нь зөвхөн машин, техникийн худалдаа бус, ноос, ноолуурын салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байгааг дурдаад Монголын органик түүхий эдээр Итали улсын стандартын шаардлага хангасан тансаг загварын бүтээгдэхүүн бий болгон хөгжүүлэх, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хамтын ажиллагаанд талархалтай байгаагаа тэрбээр илэрхийллээ.
Текстилийн технологийн төв нь үндсэн зорилгынхоо хүрээнд амжилттай ажиллаж байгааг онцлоод дараагийн чадамжид суурилсан цогц сургалтын хөтөлбөр боловсруулан хамтран ажиллахаар төлөвлөж байгаагаа ноён Жианпаоло Бруно дуулгалаа.