МОНГОЛ УЛСЫН 𝟐𝟎𝟐𝟐 ОНЫ ТОП-𝟏𝟎𝟎 АЖ АХУЙН НЭГЖЭЭР НООЛУУРЫН САЛБАРААС ГОВЬ, ХАНБОГД КАШМИР КОМПАНИУД ШАЛГАРЛАА.
Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим жил бүр хамтран ТОП-𝟏𝟎𝟎 ААН-ийг эрэмбэлэн, алдаршуулдаг хүндэтгэлийн үйл ажиллагааг 22 дахь жилдээ зохион байгууллаа. Шилдэг 100 ААН-ийг тодруулахдаа төрийн өмчит компанийг оролцуулалгүй шалгаруулсан нь энэ жилийн онцлог байлаа. Энэ удаагийн ТОП-𝟏𝟎𝟎-н аж ахуй нэгжид боловсруулах үйлдвэрээс Говь ХК, Ханбогд Кашмир ХХК-иуд шалгарлаа.
Монгол Улсын 𝟐𝟎𝟐𝟐 оны ТОП-𝟏𝟎𝟎 аж ахуйн нэгжийг тодруулах ёслолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, онцлох 25 ААН-ийн удирлагуудад цомыг гардуулав.
Тэрээр хэлэхдээ, 2020 онд хасах 4.6 хувь байсан эдийн засаг, 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсч, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5000 ам долларт хүрч, улсын төсөв 1.1 их наядаар даван биелж, валютийн нөөц 3.7 тэрбум ам.долларт хүрч ханш тогтворжиж, төлбөрийн тэнцэл эерэг гарч, экспорт цар тахлын өмнөх түвшинд хүрлээ.
Нэн эгзэгтэй цаг үеийн ачааны хүндийг нуруундаа үүрч, ажлын байраа хадгалж, улсын төсвийг бүрдүүлж, гадаад өрийн болзошгүй дампуурлаас улсаа аварсан Та бүхэндээ Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд нийт иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье! гэлээ.