КАНАДЫН ЗАХ ЗЭЭЛД МОНГОЛ НООЛУУРЫГ СУРТАЛЧЛАХАД ЭЛЧИН САЙДЫН ЯАМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР ЯРИЛЦЛАА
Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд Монголын ноос, ноолуурын холбоо, Говь, Кашмир Холдинг, Гоёл Кашмир, Говь-Эрдэнэ, Нанс Кашмир компанийн төлөөлөлтэй зангиагүй уулзалт хийж Канадын зах зээлд Монгол ноолууран бүтээгдэхүүн болон Монголын Хаан Ширхэгт тохирлын тэмдгийн маркетинг сурталчилгааг хийх талаар санал солилцлоо.
Монгол ноолуурыг сурталчлах, бүтээгдэхүүний чанарыг таниулахын тулд Канадад зохиогддог олон улсын нэр хүндтэй үзэсгэлэн яармагт салбарын компаниудыг тогтмол оролцуулах, Элчин сайдын яаман дээр ноолууран бүтээгдэхүүний байнгын үзэсгэлэнг ажиллуулах, компаниуд өөрийн брэндийн ноолууран бэлэг дурсгалыг ЭСЯ-аар дамжуулан Канадын ажил хэрэгч хүмүүс, бизнесменүүдэд сурталчлах, Канадын хэрэглэгчдэд зориулсан Монгол ноолуурын тухай видео контент бүтээх, Монголын Хаан Ширхэгт тохирлын тэмдэг бүхий ноос, ноолууран бүтээгдэхүүнийг танилцуулах зэрэг олон асуудлаар ярилцаж ойрын хугацаанд ажил хэрэг болгох талаар тохиролцлоо.