КАШМИР ХОЛДИНГ ХХК-Д “ТЕКСТИЛИЙН ТОГТВОРТОЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ” ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА.
Монголын ноос ноолуурын холбооны дэргэдэх Баталгаажуулалтын албанаас Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн гэрчилгээг ноос ноолуурын салбарын тэргүүлэгч компанийн нэг Кашмир Холдинг ХХК-д гардуулан өглөө.
Баталгаажуулалтын албаны хөндлөнгийн хараат бус шинжээч Монгол Улсын зөвлөх инженер С.Баяр, МАА-н эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтэн Б.Нарантуяа, ШУТИС-ийн багш М.Заяа нар Кашмир холдинг ХХК-ийн текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн үйл явцад үнэлгээ хийж ажилласан юм.
Кашмир Холдинг ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд хүний нөөцийн чиглэлээр бизнес төлөвлөгөө боловсруулан менежежментийн зөв тогтолцоог үйл ажиллагаандаа хэрэгжүүлдгээс гадна үйлдвэрлэлийн дамжлагуудаас гардаг хоёрдогч түүхий эдийг 100 хувь дахин ашиглан хаягдалгүй технологийг нэвтрүүлж, ноос ноолуурын угаалгын хаягдал болон дагалдах шороог ашиглан бордоо үйлдвэрлэж байна.
Түүнчлэн байгальд ээлтэй, цахилгаан эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, техник технологийн дэвшлийг ашиглан үр ашиггүй хэрэглээг багасгаж, байгаль орчны бохирдол багатай, байгалийн баялгийг зүй зохистой ашиглахад ихээхэн анхаарч тогтвортой үйлдвэрлэлийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа салбарын тэргүүлэгч экспортлогч компани юм.