Ж.БАТ-ЭРДЭНЭ: ТАЛ ТАЛ РУУ ХӨРӨНГӨ ХҮЧЭЭ ТАРАМДУУЛЖ БАЙХААР 2-3 САЛБАРАА БОДИТОЙГООР ДЭМЖМЭЭР БАЙНА
УИХ-ын гишүүн, МННХ-ны тэргүүн Ж.Бат-Эрдэнийн Өдрийн сонинд өгсөн ярилцлагаас хүргэж байна. Ярилцлагыг бүрэн эхээр нь Өдрийн сонины 2022 оны 3-р сарын 29-ний 057 дугаараас уншина уу.
-Манай улс дэлхийн ноолуурын 50 орчим хувийг нийлүүлдэг. Гэтэл үүнийхээ үр шимийг мөн л хүртэж чадахгүй байна. Тухайлбал, та ноос, ноолуурын холбооны тэргүүнээр ажилладаг хүний хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Дэлхийн ноолуурын 50 орчим хувийг Монгол Улс дангаараа нийлүүлж байна. Гэтэл гаргаж байгаа ноолуурынхаа 80 хувийг шууд гаргаж байгаа бол ес орчим хувиар нь, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол үлдсэн 11 орчим хувийг нь самнаад гаргаж байна. Итали руу ганц нэгхэн компани самнасан ноолуур гаргаж байгааг эс тооцвол бараг 100 хувь БНХАУ руу ноолуураа экспортолж байна. Гэтэл ноолууран бүтээгдэхүүн хамгийн их үйлдвэрлэдэг Европын орнууд болоод Итали улс ноолуурын зах зээлийн гол түүхий эд үйлдвэрлэгчийг БНХАУ хэмээн ойлгож байна. Дэлхийн зах зээл дээр жилд 20 орчим тэрбум ам.долларын ноолууран бүтээгдэхүүн жилдээ хэрэглэдэг талаар судалгаа бий. Тэгвэл энэхүү 20 тэрбум ам.долларын 10 тэрбум ам.долларынх нь бүтээгдэхүүний түүхий эдийг бид нийлүүлж байна гэсэн үг. Тэгсэн мөртлөө бид Монгол Улсдаа 240 орчим сая долларын ашиг ноолуурын зах зээлээс олж байна. Нэг ёсондоо дэлхийн ноолуурын зах зээлийг эзлэх боломжтой түүхий эдийнхээ 90 орчим хувийг ямар ч нэмүү өртөг шингээхгүйгээр түүхийгээр нь гаргачихаж байна. Тийм учраас 2018 онд “Ноолуур” хөтөлбөрийг батлуулж, дотоодын компаниуд БНХАУ-ын ченжүүдтэй зэрэгцэж ноолуур худалдаж авдаг болсноор сүүлийн жилүүдэд дотоодын ноолуурын үнэ өссөн шүү дээ. Цаашлаад 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс угаасан ноолуур гадагшаа гаргахыг хориглосон шийдвэр гаргасан. Ноолуурыг заавал самнаж байж, дараагийн бүтээгдэхүүн болгож байж гадагшаа гаргах шийдвэр гарсан. Монголд зөвхөн ноолуурын баас шээсийг арилгачихаад гаргадаг байдлыг ийнхүү хориглосон….