“АЖ ҮЙЛДВЭРИЙН СЭРГЭЛТ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УИХ-ЫН ГИШҮҮН, МОНГОЛЫН НООС НООЛУУРЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН Ж.БАТ-ЭРДЭНЭ ОРОЛЦЛОО
“Монголын эдийн засгийн чуулган-2022” форумыг угтан өнөөдөр “Корпорейт конвейншн центр”-т “Аж үйлдвэрийн сэргэлт” сэдвээр урьдчилсан хэлэлцүүлэг боллоо.
Тус хэлэлцүүлгийн “Хөнгөн, хүнсний үйлдвэрлэл”-ийн дэд хэлэлцүүлгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нээж, салбарын талаар илтгэл тавин, Улсын Их Хурлын гишүүн, МННХ-ны тэргүүн Ж.Бат-Эрдэнэ, Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев, ШУТИС, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал, доктор Ph.D Ж.Туяацэцэг, АПУ-ын ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг, Дельта фүүдс ХХК-ийн захирал У.Мөнхжаргал нар панелистаар оролцлоо.
Улсын Их Хурлын гишүүн, Монголын Ноос Ноолуурын Холбооны тэргүүн Ж.Бат-Эрдэнэ хэлэхдээ төрөөс хувийн хэвшлийг ажиллах боломжоор хангах, зах зээлээ тэлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, тусламж дэмжлэг олгох зэрэгт дэмжиж ажиллах ёстой.
Бид бодлогоо барьж шууд практик дээр ажиллах ёстой бөгөөд ноос ноолуурын холбооныхонтой хамтран ажилласнаар “Ноос ноолуурын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээ”-ний тухай УИХ-ын тогтоолыг батлуулж 2023 оноос угаасан ноолуурыг экспортлохгүй байх, самнахаас дээш нэмүү өртөг шингэсэн ноолуурыг экспортонд гаргах болон эргэлтийн хөрөнгийн зээлийг тогтмолжуулах бололцоог төр гаргаад байна хэмээн онцоллоо.