НООЛУУРЫН САЛБАРЫН АЖЛЫН БАГ ИТАЛИ УЛСАД АЖИЛЛАВ
УИХ-ын гишүүн, Монголын ноос, ноолуурын холбооны тэргүүн Ж.Бат-Эрдэнэ, ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн В.Болормаа, Монголын ноос, ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Кашмир Холдинг ХХК-ийн захирал С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй ажлын баг 2022 оны 12 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд Итали улсад ажиллав.
Энэ хугацаанд Италийн Парламентын Төлөөлөгчдийн Танхимын гишүүн Николэ Карэ, Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны төрийн нарийн бичгийн дарга Жиоржио Силли, Милан дахь Монгол Улсын өргөмжит консул Пауло Бонетти, Италийн ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн ACIMIT холбооны ерөнхийлөгч асан ТУЗ-ын гишүүн Рафаелла Карабели, Италийн зээлийн батлан даалт, санхүүгийн SACE байгууллагын Азийн орнуудыг хариуцсан менежер Моратели, Италийн Falconeri компанийн гүйцэтгэх захирал Тарцисио Руффоли, Saldarin компанийн захирал Франциско Салдарин нартай ажил хэргийн уулзалтуудыг амжилттай зохион байгууллаа.
Эдгээр уулзалтад Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лауро Ботта, Монгол Улсаас Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Нарантунгалаг нар байлцсан нь хоёр улсын хамтын ажиллагаа, тэр дундаа Монголын ноолуурын салбарын хөгжилд ихээхэн ач холбогдол өгч байгаагийн тод илрэл юм.
ГХЯаман дээр болсон уулзалтад Италийн Гадаад хэргийн дэд сайд Манлио Ди Стефано оролцож хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, цаашид Итали, Монголын худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгаагаа илэрхийлээд Монголын ноолуурын салбарын ажлын багийнханд амжилт хүслээ.
Ажил хэрэгч уулзалтуудын үеэр Монголын ноос, ноолуурын салбарт шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нийлүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, ээрэхийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, Монголын самнасан ноолуурын экпсортыг нэмэгдүүлэх, чанартай баталгаажсан ноолууран бүтээгдэхүүнийг Италийн зах зээлд гаргах зэрэг олон асуудал дээр хамтран ажиллахаар санал солилцсон. Тухайлбал, 2023 оны эхний улиралд Италийн зээлийн батлан даалт, санхүүгийн SACE байгууллагын Азийн орнуудыг хариуцсан менежер Моратели, Falconeri компанийн гүйцэтгэх захирал Тарцисио Руффоли нар Монголд зочилж холбогдох төрийн байгууллага, ноос ноолуурын холбоо, салбарын үйлдвэрүүдтэй уулзах, 2023 оны 3-р сард Италийн дэвшилтэт машин, тоног төхөөрөмжийг Монголын үйлдвэрлэгчдэд танилцуулах, боломжит худалдан авагч нартай харилцаа холбоо тогтоох боломжийг бий болгох бизнес айлчлал зохион байгуулах, оролцох үйлдвэрүүдийг Монголын ноос ноолуурын холбоо, Италийн ACIMIT холбоо хамтран сонгон шалгаруулах зэрэг ажлуудыг төлөвлөөд байна.