ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Ноолуурын салбарын Тарифт цалингийн сүлжээ боловсруулах техникийн ажлын хэсгийн гишүүдийн боловсруулсан ажил мэргэжлийн жагсаалт, тодорхойлолт болон цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлтийг нийгмийн түншлэгч талууд болон ажил олгогч, ажилтны төлөөллөөс байгуулагдсан дэд ажлын хэсгүүдэд танилцуулж, харилцан санал солилцох зорилготой арга хэмжээ өнөөдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээний хүрээнд Ноолуурын салбарт Тарифын хэлэлцээр байгуулах асуудлаар нийгмийн түншлэгч талуудыг төлөөлж МННХ-ын гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Э.Тамир, ХБНГУ-ын Фридрих Эбэртийн Сангийн Монгол дах суурин төлөөлөгч Бенедикт Ивановс нар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан юм.
Ажил олгогч болон ажилтан хоёр талт харилцан үр ашигтай тус хэлэлцээрийг амжилттай хийснээр хүний нөөцийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, ажлын байрны тогтвортой байдлыг хангах, үйлдвэрийн бүтээмж, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах зэрэгт эерэг нөлөөтэйгөөс гадна компаниудад өрсөлдөөний тэгш боломжийг олгох зэрэг олон давуу талыг бий болгох ач холбогдолтой.