НООЛУУРЫН САЛБАРЫН ТАРИФЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛД ДЭД АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮДЭЭС САНАЛ АВАХ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Монголын ноос ноолуурын холбоо, Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны холбоотой хамтран ХБНГУ-ын Фридрик Эбертийн сангийн дэмжлэгтэйгээр ноолуурын салбарын цалин хөлсний нэгдсэн тогтолцоог бий болгохоор ажиллаж байгаа билээ.
Энэхүү ажлын хүрээнд 2024 оны 1-р сарын 25-нд Тарифт цалингийн хэлэлцээрийн төсөл, Ноолуурын салбарын ажил, мэргэжлийг үнэлэх аргачлал, компаниудаас авсан цалингийн судалгаа болон шинээр боловсруулсан Тарифын сүлжээний харьцуулсан дүн шинжилгээг төслийн зөвлөх, Монгол Улсын гавьяат эдийн засагч Д.Аюуш, ШУТИС-ийн багш, доктор, дэд профессор Д.Батбаяр нар дэд ажлын хэсгийн гишүүд болон ажил олгогчийн төлөөлөлд танилцуулав.
Монголын ноос ноолуурын холбооны дэргэдэх дэд ажлын хэсгийн гишүүд, ажил олгогчийн төлөөлөл төслийн хүрээнд боловсруулсан төсөлтэй танилцаад ажил мэргэшлийн нэршил, ажил үүргийн давхцал, мэргэжлийн зэргийн итгэлцүүр, хөдөлмөрийн нөхцөлийн талаар саналаа өгч, ажил мэргэжлийн цалингийн судалгаанд аль болох олон компаниудыг хамруулан салбарын үйлдвэрлэгчид, төрийн байгууллага, ажил олгогчдыг нэгтгэсэн нэгдсэн хэлэлцүүлэг хийхээр тохиролцов.