МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ “БАЯЛАГ ӨЛЗИЙ” ХХК-ИЙН ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр “Баялаг-Өлзий” ХХК-ийн самнах болон сүлжих үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, салбарын мэргэжлийн холбоо болон үйлдвэрийн удирдлагатай уулзаж ярилцлаа. “Баялаг Өлзий” ХХК нь сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тогтвортойгоор явуулж байгаа нийгмийн хариуцлагатай ноолуурын салбарын шилдэг үйлдвэрлэгч компанийн нэг юм.
Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, залуучууд оюутны хөгжлийн зөвлөх Д.Даваадорж нар оролцов.
Уулзалтын үеэр ноолуурын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлууд,төр засаг, олон улсын байгууллага, хувийн хэвшилтэй хамтран хийж байгаа ажлуудын талаар Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг дэлгэрэнгүй танилцууллаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ноолуурын салбарын хөгжил, хийж гүйцэтгэсэн ажлыг сайшаагаад, цаашид үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингээсэн хамтарсан ээрэх үйлдвэрлэлийн асуудлыг шийдвэрлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэн ажиллахыг холбогдох яамдад үүрэг болголоо.
Түүнчлэн ноос ноолуурын салбарыг хөгжүүлэх, салбарын хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, дэвшилтэт техник, технологийг нутагшуулах, үндэсний үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд томоохон дэмжлэг үзүүлэх “Цагаан Алт” үндэсний хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, салбарыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.