Бүсчилсэн хөгжлийн чуулган-2024″-ийн Зүүн бүсийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо.
Монгол Улсын Засгийн газрын 481 дүгээр тогтоолоор 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар “Монголын хөгжлийн форум”-ыг хоёрдугаар сарын 1,2-нд зохион байгуулах юм.
Энэ хүрээнд “Бүсчилсэн хөгжлийн чуулган-2024”-ийн Зүүн бүсийн урьдчилсан хэлэлцүүлэг нэгдүгээр сарын 24-нд Удирдлагын академийн байранд боллоо. Зүүн бүсийн урьдчилсан хэлэлцүүлэгт аймаг, нийслэлийн холбогдох төрийн байгууллага, орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагууд, улс төрийн нам, эвсэл, иргэний нийгэм, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцов. Манай улс 2001 онд бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулахдаа дөрвөн бүсэд хувааж байсан бол энэ удаа говь, хангай, зүүн, баруун, төв, хойд гэсэн зургаан бүсэд хувааж байгаа бөгөөд УИХ-ын сонгуулийн тойргийг ч энэ зургаан бүсэд хуваахаар болсон.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хөгжлийн бүсчлэлийг УИХ-ын сонгуулийн тойрогтой уялдуулсан байна. Зүүн бүсийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Эдийн засаг, хөгжлийн яамнаас Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, зураглал, хөгжүүлэлтийн тухай танилцуулга хийж, бүсийн хэмжээнд хамтарч хөгжих боломж, хөрш хоёр улсыг холбосон транзит төмөр зам барих, түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, боомтуудыг ложистик төв болгон худалдаа наймааг өргөтгөх, дэд бүтцийг сайжруулах, ХАА, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх талаар хэлэлцүүлгүүд зохион байгуулагдлаа.