ОЛОН УЛСЫН ТЭМЭЭНИЙ ЖИЛ 2024 НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ.
2024 оны 1 сарын 26-нд “Олон улсын тэмээний жил 2024” нээлтийн арга хэмжээг Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хамтран зохион байгууллаа.
Нээлтийн арга хэмжээг нээж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Европын Холбооноос Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг хатагтай Аксель Никэйз, Монгол улс дахь НҮБ-ийн суурин төлөөлөгч Тапан Мишра нар үг хэллээ.
Тус арга хэмжээнд Монгол Улсын тэмээний аж ахуй, түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, салбар дундын уялдааг хангах, экспортыг дэмжих, олон талт түншлэлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор ГХЯ, ХХААХҮЯ, Монголын ноос ноолуурын холбоо, “Монгол бактриан” нийгэмлэг, Тэмээн соёл, уралдааны холбоо, “Тэмээн соёл” ТББ, олон улсын донор байгууллага, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо.
Тэмээний салбарын хөгжлийн боломж хэлэлцүүлэгт Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг оролцож хэлсэн үгэндээ цаашид үндэсний хэмжээнд тэмээний ноосны эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хөгжлийн цогц бодлогыг гаргах, түүнтэй уялдсан хөрөнгө оруулалт, татвар, хууль эрх зүй, маркетингийн оновчтой зөв бодлого гаргах, тогтвортой түүхий эдийг бэлтгэх, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх, хөдөө орон нутагт тэр дундаа тэмээ бүхий бүс нутгуудад тэмээний ноос боловсруулах загвар үйлдвэр байгуулахад хувийн хэвшил, мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллах, чанар стандартын дагуу нас хүйс, өнгөөр нь ялгаж үйлдвэрт тушаасан малчин, хоршоодыг хөрөнгө оруулалт, зээлийн бодлогоор дэмжихийг төрийн бодлогод тусгуулах зэрэг олон асуудлыг хөндөж тавьлаа.
Кашмир Холдинг, Ханбогд Кашмир, Монгол Нэхмэл, Санширо компаниуд тэмээний ноос болон торомны ноосон бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж оролцогчдод танилцуулсанаас гадна Ханбогд Кашмир ХХК нь байгалийн тансаг ширхэгтийн нэг болох торомны ноосоор нимгэн хэрнээ хамгийн дулаан мэдрэмжийг төрүүлэх сонгодог, классик загварын пальто, пиджак, гадуур хувцас урласнаа сонирхуулан загварын шоу үзүүллээ.