ИТАЛИ МОНГОЛ ХОЁР ОРНЫ ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨЛӨӨЛЛҮҮД НООЛУУРЫН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭХ УУЛЗАЛТУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
2023 оны 10 сарын 9-11-нд Итали улсын Гадаад хэргийн дэд сайд асан Гуглиэлмо Пики, Италийн тусгай элч Орланди Ромео, Итали улсын Гадаад Хэрэг, Хамтын Ажиллагааны Яамны харьяа Италийн зээлийн батлан даалт, санхүүгийн SACE байгууллагын Азийн орнуудыг хариуцсан менежер Моратели, Италийн Салдарини кашмир компанийн гүйцэтгэх захирал Франческо Салдарини, Италийн хадгаламж хөрөнгө оруулалтын сангийн Европ болон олон улсын хариуцсан Кевин Фреди нар Монголд айлчиллаа.
Тус айлчлалын хүрээнд Гадаад хэргийн яам, Эдийн Засаг хөгжлийн Яам, ХХААХҮЯам, Сангийн яам, Дэлхийн банк, Монголын ноос ноолуурын холбоо зэрэг төр хувийн хэвшлийн байгууллагуудтай уулзахад Монгол дахь Италийн элчин сайд Лауро Ботта биечлэн оролцож, Дэлхийн экспо-2030, Тогтвортой ноолуурын үйлдвэрлэлийн төв, хамтарсан ээрэх үйлдвэр байгуулан хоёр улсын хамтын ажиллагааны консерциумын үйл ажиллагааг идэвхийлэн явуулах талаар ажил хэргийн уулзалтуудыг амжилттай хийлээ.
Италийн талаас Салдарини кашмирын захирал Итали-Монголын хамтарсан төслийн ерөнхий танилцуулгыг хийж засгийн газрын дэмжлэгийг хүссэн бол SACE-аас Италийн дэвшилтэт машин, тоног төхөөрөмжтэй танилцах, хөнгөлттэй нөхцөлөөр харилцан ашигтай ажиллах боломжийг бий болгох бизнес айлчлал зохион байгуулахад Монголын ноос ноолуурын холбоотой хамтран ажиллахаар боллоо.
Уулзалтын үеэр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун хэлэхдээ нэмүү өртөг шингэсэн тогтвортой ноолуурын орчин үеийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрийг Монголын ноос ноолуурын холбоогоор дамжуулан хэрэгжүүлэх, түүнчлэн Итали Монголын текстилийн салбарын хамтын ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийллээ.