МОНГОЛ УЛС ЕСБХБ-НЫ НОГООН ЭДИЙН ЗАСГИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХ /ГЕФФ/ ХӨТӨЛБӨРТ НЭГДЛЭЭ.
ГЕФФ хөтөлбөр нь улс орныг илүү ногоон эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлж, айл өрх, бизнес эрхлэгчдэд эрчим хүчний хэмнэлттэй өндөр стандарт бүхий ногоон технологийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.
Энэхүү хөтөлбөр нь эрс тэс цаг агаартай, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд эмзэг Монгол Улсад нэн чухал юм. Өнөөдрийн байдлаар ГЕФФ хөтөлбөр нь 28 орны 170 гаруй санхүүгийн байгууллагуудаар дамжуулан 220,000 үйлчлүүлэгчдэд 5.8 тэрбум еврогийн санхүүжилт олгоод байна. Эдгээр төслүүд нь жилд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 9 сая тонноор бууруулсан ба Монгол Улс нь Төв Азийн ГЕФФ-ийн хөтөлбөрт хамгийн сүүлд нэгдсэн орнуудын нэг юм.
Хөтөлбөрийн хүрээнд Европын сэргээн босголт хөгжлийн банк нь усны үр ашигтай хэрэглээ, тогтвортой газрын менежмент, эргэлтийн эдийн засаг болон нөөцийн үр ашгийг дэмжих шинэлэг технологид хөрөнгө оруулах хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжүүдэд дотоодын санхүүгийн байгууллагаар дамжуулан нийт 137 сая ам.долларын санхүүжилт олгох юм. Өнөөдрийн байдлаар ХААН, Хас банк болон ХасЛизингд нийт 112 сая ам.долларын дөрвөн ГЕФФ-н санхүүжилтийг олгожээ.