ITMA 2023 АРГА ХЭМЖЭЭНД ТЕКСТИЛИЙН САЛБАРЫНХАН АМЖИЛТТАЙ ОРОЛЦООД ИРЛЭЭ
Нэхмэл, сүлжмэлийн технологийн хамгийн том олон улсын үзэсгэлэн болох ITMA 2023 арга хэмжээ “Transforming the World of Textiles” нэрэн доор дэвшилтэт материал, автоматжуулалт ба дижитал ирээдүй, шинэлэг технологи, тогтвортой байдал ба эргэлт гэсэн дөрвөн чиглэлээр 2023 оны 6-р сарын 8-14-ны өдрүүдэд Итали улсын Милан хотод амжилттай зохион байгуулагдлаа.
Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг текстилийн тоног төхөөрөмжийн олимп хэмээх тус үзэсгэлэнд 40 гаруй орны 1500 орчим хувцас үйлдвэрлэгчид оролцсон бөгөөд нэхмэл болон сүлжмэл үйлдвэрлэгчдэд бизнесээ өөрчлөх, хөгжүүлэхэд нь туслах шинэлэг санаанууд, сүүлийн үеийн дэвшилтэт техник технологиуд, хувцас үйлдвэрлэлийн салбар дахь хиймэл оюун ухааны нэвтрэлт зэрэг олон шинэлэг технологийг үзүүлэв.
Энэ удаагийн ITMA 2023 арга хэмжээнд мэргэжлийн холбоо, ноос ноолуурын салбарын үйлдвэрийн удирдлагууд, ШУТИС-ын мэргэжлийн сургуулийн багш, оюутнууд зэрэг 40 орчим төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр оролцож орчин үеийн дэвшилтэт техник технологи, ноу хаутай танилцлаа.