МОНГОЛЫН НООЛУУРЫН САЛБАРЫНХАН ИТАЛИЙН ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИТОЙ ТАНИЛЦАХ БИЗНЕС АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ.
Монголын ноос, ноолуурын холбоо Италийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо ACIMIT, Италийн худалдааны төв (ITA)-ийн хамтын ажиллагааны хүрээнд 2023 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Италийн Милан хотноо ажлын айлчлалыг хийлээ.
Айлчлалын бүрэлдэхүүнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монгол дахь Италийн элчин сайдын яам, Монголын ноос, ноолуурын холбоо, Говь, Кашмир Холдинг, Ханбогд Кашмир, Сор Кашмир, Монгол Нэхмэл, Сноу Филдс, Натурал Текстайл Групп, Баялаг-Өлзий, Нанс Кашмир, Мөнх Бумууд, Уужин, Лидер Кашмир, Говь-Эрдэнэ Кашмир, Өгөөж Шим, Гоёл Кашмир зэрэг үндэсний томоохон цогцолбор үйлдвэрлэгч компаниудын төлөөлөл оролцсон.
Айлчлалаар Италийн текстилийн салбарын сүүлийн үеийн дэвшилтэт ногоон технологи үйлдвэрлэгч STALAM, FADIS, SAVIO, ITEMA, C.P.S. зэрэг 20 гаруй ээрэх, нэхэх, гүйцэтгэн боловсруулах, лаборатори болон сав баглаа боодлын үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцан хүрээлэн буй орчинд ээлтэй, уур, ус, цахилгааны хэмнэлттэй, хог хаягдалгүй, аюулгүй ажиллагааг хангасан машин, тоног төхөөрөмжүүдтэй танилцан, туршлага судаллаа.
Энэ үеэр ACIMIT-ын захирал Федерико Пэллэгатад Монгол улсын Засгийн газрын шагнал Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Хүндэт жуух”-ыг гардуулан өглөө.
ACIMIT нь Монголын ноос, ноолуурын холбооны дэргэдэх Текстилийн технологийн төвийг үүсгэн байгуулах суурийг тавилцаж, текстилийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Италийн дэвшилтэт техник, технологийг Монголд нэвтрүүлэх, нутагшуулах, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, туршилт судалгаа хийх, боловсон хүчнийг чадавхижуулж мэргэшүүлэх зэргээр ноолуурын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж монголын ноос ноолуурын холбоотой хамтын ажиллагааны хүрээнд олон ажлуудыг цаашид хамтран хийхээр төлөвлөн ажиллаж байгаа болно.
Энэхүү бизнес айлчлалын онцлог нь 2023 оны 06 сарын 08-14-ны хооронд Италийн Милан хотноо зохион байгуулагдах “ITMA-2023” үзэсгэлэнгийн өмнө Монголын текстилийн салбарынхан Италийн ногоон, дэвшилтэт тоног төхөөрөмжийн мэдээллийг авч нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцож техник технологийн шинэчлэлийг хийх, цаашдын хамтын ажиллагааг амжилттай өрнүүлэхэд ач холбогдолтой боллоо.