САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА.
Монголын ноос ноолуурын холбоо, Монгол солонгосын политехникийн коллежийн удирдаж ажилтан, багш нар, Говь, Кашмир Холдинг, Буян, Гоёл кашмир компаниудын хүний нөөцийн ажилтнууд салбарын хүний нөөцийн асуудлаар хөтөлбөр боловсруулах ажлын хүрээнд анхны уулзалтыг хийлээ.
Уулзалтаар ажлын хэсэгт нэмэлтээр ХХААХҮЯ, БШУЯ, ХНХЯ, ШУТИС-ын хөнгөн үйлдвэрийн мэргэжилтэн бэлтгэдэг сургууль, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагаас төлөөлөл оруулахаар тохиролцов.
Ажлын хэсгээс салбарын ажиллах хүчний эрэлт, хэрэгцээг ноос ноолуурын үйлдвэрүүдээс нэгдсэн журмаар авах, Монгол улсад өмнө амжилттай хэрэгжсэн хөтөлбөрийг судлах, салбарын хүний нөөцийн төлөвлөгөөнд тусгах ажлын талаар холбогдох яамд, мэргэжлийн холбоо, сургалт, судалгааны байгууллага, үйлдвэрүүдээс санал авах, оролцогч талуудыг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулахаар боллоо.