Bodio’s брэндийн шинэ үйлдвэр нээлтээ хийлээ.
Баялаг Өлзий ХХК-иас BODIOS брэндийнхээ 30 жилийн ойг тохиолдуулан ашиглалтад оруулсан шинэ үйлдвэрийн нээлтийг өнгөрсөн бямба гаригт хийлээ. Тус үйлдвэрийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар уригдан оролцож мэндчилгээ дэвшүүлэн, Баялаг Өлзий ХХК-ийн Ерөнхий захирал, BODIOS брэндийг үүсгэн байгуулагч Ж.Өлзийбодьжав нээж үг хэллээ.
Эднийх 1992 оноос эхлэн ноолуурын салбарт бүл нэмж малын түүхий эдийн худалдаагаар гараагаа эхэлж байсан бол өдгөө Баялаг Өлзий компаниа байгуулан, 120 гаруй ажилтантай, ноос ноолуурын тэргүүлэх үйлдвэрийн нэг болжээ. Тус компанийнхан нэгэн цагт үнэгүйдээд байсан сарлагийн хөөврийн үнэ цэнийг ноолууртай өрсөлдөхүйц хэмжээнд хүргэж, чанартай түүхий эдээр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон байна.
Мөн малчдаас түүхий эдийг зах зээлийн ханшаас өндөр үнээр худалдан авч малчдын аж амьдралд хувь нэмэр оруулан дээд зэрэглэлийн түүхий эдийг ялган бэлтгэж цуглуулах сүлжээг бий болгож чаджээ. Энэ ч утгаараа хариуцлагатай бизнесийг хөгжүүлэх, шинэ стандарт бий болгоход хувь нэмрээ оруулж байгаа компани юм.