“ТЕКСТИЛИЙН ТОГТВОРТОЙ ҮЙЛДВЭРЛЭЛ БА ЭКО ТЭМДЭГ” ТӨСЛИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ
Европын Холбооны санхүүжилтээр AVSF, Монголын ноос ноолуурын холбоо, Бэлчээрийн холбоо, Тогтвортой санхүүжилтийн холбоо хамтран амжилттай хэрэгжүүлсэн “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг” төслийн хаалтын арга хэмжээ 10-р сарын 27-нд боллоо.
Төслийн үр дүнд ноос, ноолуурын салбарыг тогтвортойгоор хөгжүүлэх, байгальд ээлтэй мөшгигдөхүйц гэрчилгээжсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдол бүхий “MNS 6926 2021 Текстилийн тогтвортой үйлдвэрлэл” үндэсний стандартыг батлуулсан юм. Үндэсний стандарт батлагдсаны дагуу Монголын ноос ноолуурын холбооны дэргэдэх Баталгаажуулалтын албаны шинжээчдийг Стандарт хэмжилзүйн газрын болон олон улсын текстилийн стандарт GOTS сургалтанд хамруулж, сургагч багш нарыг бэлтгэжээ. Үүнээс гадна “MNS 6926:2021 стандарт”-ын дагуу хянан баталгаажуулах, ноос ноолуурын үйлдвэрлэгчдийн тогтвортой байдлын талаарх мэдлэг, чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор салбарын 517 инженер техникийн ажилтнуудад нийт 29 удаагийн сургалтыг зохион байгуулж, үндэсний 18 үйлдвэрт 1145 цагийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн Монголын Ноос Ноолуурын Холбоо дэргэдэх Баталгаажуулалтын албаны хамрах хүрээг өргөтгөх, тогтвортой байдлыг сурталчилж, хамтран ажиллаж байгаа байгууллагуудаа гадаадын хэрэглэгчдэд таниулах зорилгоор Францын Парис хотноо болсон “Premiere Vision” үзэсгэлэнд үндэсний 10 үйлдвэрийн төлөөлөл, мэргэжлийн холбоодыг амжилттай оролцуулсан.
Төслийн хаалтын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, МННХ-ны тэргүүн Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Т.Доржханд, Европын Холбооны Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн, Элчин сайд хатагтай Аксель Никэйз, БНФУ-аас Монголд суугаа Элчин сайд ноён Себастиен Сүрүн, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нар уригдан оролцож үг хэллээ.
“Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг” төслийн хаалтын арга хэмжээний үеэр 2018-2022 онд хэрэгжүүлсэн энэ төслийн дөрвөн бүрэлдэхүүн хэсэг бүрийн хийсэн ажлын үр дүнг танилцуулсан талбай зассанаас гадна төслийн 4-р бүрэлдэхүүн хэсэгт гаргасан амжилт ололтын талаар Монголын ноос ноолуурын холбооны менежер Ц.Туяа танилцуулга хийж, ШУТИС-ын ҮТС-ийн оюутнуудын байгальд ээлтэй, эко дизайны загварын үзүүлбэр, “Ноос Ноолуурын Экспо 2022”-оос шилдгийн шилдэг Гранд При шагнал хүртсэн Ханбогд Кашмир ХХК-ийн загварын коллекцуудыг зочид төлөөлөгчдөд сонирхуулсан байна.