Монгол ноолуурыг Финландын зах зээлд таниулан сурталчлахад дэмжлэг үзүүлнэ.
Монголын ноос ноолуурын холбооноос зохион байгуулан Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Финланд Улсын Гадаад хэргийн яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга, хатагтай Нина Васкүнлати тэргүүтэй төлөөлөгчдийг малчин айлд зочлуулж, Snow fields компанийн ноолуурын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцууллаа. Мөн төлөөлөгчдөд ноолуурын салбарын талаар дэлгэрэнгүй танилцуулж ажил хэргийн уулзалт хийсэн юм.
Уулзалтын үеэр цаг агаарын хувьд хүйтэн сэрүүн уур амьсгалтай, худалдан авах чадвар, амьжиргааны түвшин өндөртэй Финландын зах зээлд Монголын ноолууран бүтээгдэхүүнийг таниулан сурталчлах, тогтвортой үйлдвэрлэлийн чанартай, баталгаажсан бүтээгдэхүүн нийлүүлэх, ноос, ноолууран бүтээгдэхүүний худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх талаар ярилцав. Финландын хэрэглэгчид тогтвортой үйлдвэрлэлийг эрхэмлэж байгальд ээлтэй бүтээгдэхүүн хэрэглэхийг зорьдог болсон энэ үед Монголын ноос ноолуурын салбарынхан тогтвортой үйлдвэрлэлд анхаарч ажиллаж байгаад хатагтай Нина Васкүнлати талархаад Финландын Finnfund байгууллагатай ноолуурын салбарын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц, эдийн засаг, экспортын чадавхийг нэмэгдүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх, Finnpartnership байгууллагын мэдээллийн санд Монголын ноос, ноолуурын компаниудын мэдээллийг оруулан нийлүүлэгч, зуучлагч, худалдан авагч олоход нь дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Мөн ирэх жил Улаанбаатар хотод зохион байгуулагдах Финландын форум чуулга уулзалтад ноос ноолуурын салбарын оролцоог хатагтай Нина Васкүнлати онцлон дурдав.
Уулзалтад Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Жанабазар байлцлаа.