ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУН НООЛУУРЫН САЛБАРЫНХАНТАЙ УУЛЗЛАА.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн, Монголын ноос, ноолуурын холбооны тэргүүн Ж.Бат-Эрдэнэ нар Монголын ноос, ноолуурын холбооны болон Говь ХК, Кашмир Холдинг ХХК, Ханбогд ХХК-ийн удирдлагуудтай 9 дүгээр сарын 15-ны өдөр уулзалт хийлээ.
Уулзалтаар угаасан ноолуурын техникийн зохицуулалт, ноос ноолуурын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас чөлөөлөх, дотооддоо үйлдвэрлэх боломжтой ээрмэл утас, ижил төрлийн бүтээгдэхүүний импортын татварыг 20-30 хувьд хүргэх, НӨАТ-ын хуулийн хэрэгжилтэд тулгараад байгаа хүндрэл бэрхшээл, компаниудын хүний нөөц зэрэг салбарын өмнө тулгамдаж буй асуудлаар санал солилцов.
Ноос, ноолуурын салбарын хууль эрх зүйн болон татварын орчныг бүрдүүлэхэд анхаарч хамтран ажиллах талаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун уулзалтын үеэр хэлсэн үгэндээ дурдлаа. Ингэснээр үйлдвэрлэгчид малчдаас авах ноолуурын үнийг унагахгүйгээр, орлогыг нь тогтворжуулах замаар тус салбарыг хөгжүүлэх бүрэн боломжтойг онцолсон юм.