БНХАУ-д ХҮЙТЭН ХЭЛХЭЭНИЙ БУС БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭКСПОРТЛОХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА.
ХХААХҮ-сайдын А/222 тушаалаар батлагдсан “ковид-19 цар тахлын үед БНХАУ -ын Эрээн хотын автозамын боомтоор хивэг, хүйтэн хэлхээний бус ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний чингэлгээр экспортлох” ажлын хэсэг анхны хурлаа хийлээ.
ХХААХҮЯ, ГХЯ, ГЕГ, МХЕГ, Авто тээврийн үндэсний газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Монголын ноос ноолуурын холбоо, Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Гурил үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын тариаланчдын үндэсний холбооны удирдлагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг уулзаж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж санал солилцлоо.
Монголын ноос ноолуурын холбооноос үйлдвэргүй цүнхний буюу зуучлалын компаниуд экспорт хийхийг хориглож, зөвхөн үндэсний үйлдвэрүүдэд эрхийг нь олгох, экспортонд гарч буй бүтээгдэхүүнд чанар, стандартын баталгаажуулалтыг хийх хэрэгтэй гэсэн саналыг дэвшүүллээ.
Цаашид Хятадын талын импортын шалгуурын хүрээнд БНХАУ -ын хилээр гарч байгаа ноос ноолуур, хивэг, арьс ширэн бүтээгдэхүүнийг чингэлгээр экспортлоход Монголын талаас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллыг сайжруулах, хорио цээрийн болон ковидын шинжилгээг нарийвчлан хийх, гарч байгаа бүтээгдэхүүний гадна, дотор сав баглаа боодолд хяналт тавьж, хэрэгжилтийг хангаж ажиллахаар боллоо.