“ТЕКСТИЛИЙН САЛБАРЫН ТОГТВОРТОЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДҮРЭМ”-Д НООС, НООЛУУРЫН 15 ҮЙЛДВЭР НЭГДЛЭЭ.
Нэхмэлийн салбар, ноос ноолуурын өртгийн сүлжээнд тогтвортой үйлдвэрлэлийг бий болгох “Текстилийн салбарын тогтвортой үйлдвэрлэлийн дүрэм”-д ноос, ноолуурын салбарын 15 үйлдвэр нэгдэж, гарын үсэг зураг ёслолын ажиллагаа цахимаар зохион байгуулагдлаа.
Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Монголын Ноос Ноолуурын Холбооны тэргүүн Ж.Бат-Эрдэнэ, ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, Европын Холбооны төлөөлөгчийн газрын дарга Пьер Ив Лука, AVSF байгууллагын суурин төлөөлөгч Гиюм Туати нар оролцож үг хэллээ.
“Текстилийн салбарын тогтвортой үйлдвэрлэлийн дүрэм”-д нэгдэн орсоноор үйлдвэрүүд энэхүү дүрмийн үндсэн үүрэг болох нийгмийн хариуцлага, байгаль орчныхоо үзүүлэлтүүдийг сайжруулах үүрэг хүлээх бөгөөд үйлдвэрлэлээ байгальд ээлтэй, ногоон үйлдвэрлэл болгох, тогтвортой үйлдвэрлэлийг дотоод, гадаадын зах зээлд таниулах, баталгаажуулах, сурталчлах, хэрэглэгчдэд байгаль орчин, нийгмийн хариуцлагын шалгууруудын ахиц, дэвшлээ мэдээллэх нь гадаад зах зээлд нэвтрэх боломжийг үүсгэхэд чухал ач холбогдолтой юм.