МЭДЭГДЭЛ
Монгол Улсын Их хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаараа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийжээ.
Зах зээлийн эдийн засгийн өнөөгийн нөхцөлд хөдөлмөрийн харилцаанд олон арван шинэ ойлголт, харилцаа, хэлбэр бий болж үүнийг зохицуулах зайлшгүй шаардлагатай энэ цаг үед төр засаг Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчилэн найруулж байгаад Монголын олон зуун ажил олгогч, тэднийг төлөөлж буй Монголын ноос ноолуурын холбооны зүгээс талархалтай байгааг хүлээнэ авна уу.
Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд орсон зарим зүйл заалт Монголын эдийн засгийг нуруун дээр үүрч яваа үйлдвэрлэл эрхлэгчид, ажил олгогчдын төлөөлөл сэтгэл дундуур, шүүмжлэлтэй байгааг үүгээр дамжуулан мэдэгдэж байна.
Дэлхий дахиныг нөмөрсөн цар тахлын үед ажлын байрыг хадгалж үлдэх бодлого Монгол Улсын их хурал хийгээд Засгийн газар, цаашлаад мянга мянган ажил олгогчдын амин чухал асуудал болсоор байгаа билээ. Тэр дундаа дотоодын мал аж ахуйн салбарыг түшиглэн хөгжиж буй ноос, ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд ажлын байрыг хадгалж үлдэх, ажилтныхаа хөдөлмөрийн хөлсийг Хөдөлмөрийн тухай хуульд заасанчлан ёсчлон биелүүлэх үүргээ ухамсарлан хүнд хэцүү үеийг даван туулахыг хичээж байна.
Аливаа хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч, ажилтан хэмээх хоёр субьектын эрх, үүрэг нэгнээсээ маш нарийн хамааралтай зохицуулалт байдаг. Аль алиных нь балансыг тохируулж хуульчилж чадвал хөдөлмөрийн харилцаанд оролцогч хоёр талын сэтгэл ханамж тогтож, тэр хэрээр хөдөлмөрийн бүтээмж өндөр болж, цаашлаад улс орны хөгжилд өндөр хувь нэмэртэй болох билээ. Нөгөөтэйгүүр аль нэгнийг нь онцолж халамжилж, эсвэл хуулиар шахан боогдуулах нь тухайн салбарын хөгжилд том саад болох гэмтэй.
Үүнийг дурдахын учир Монголын ноос ноолуурын холбооны зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь ажил олгогчийг торгуулийн системээр дарамталсан, ажилтанд хэт их эрх, тэтгэмж буюу халамжийн бодлогоор тойгдсонхуулийн төсөл болжээ хэмээн үзэж байна. Тухайлбал, тус хуулийн төслийн
– 4 дүгээр зүйлийн 4.1.19-д цалин хөлс гэж ажилтны үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын олговор, шагнал урамшууллыг хэлнэ.
– 10 дугаар зүйлийн 10.1-д ажил олгогч ажилд орох гэж байгаа хүн болон ажилтнаас мөнгө, үнэ бүхий зүйл: боловсролын баримт бичиг, мэргэжлийн үнэмлэх, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэг хувийн бичиг баримтыг шаардан авч барьцаалахыг хориглоно.
– 58 дугаар зүйлийн 58.1-д энэ хуулийн 74.2, 74.3, 91.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажлын цагийг нь богиносгосон ажилтны цалин хөлсийг цагаар эсвэл хийснээр нь тооцож олгох бөгөөд богиносгосон цагт ногдох цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нэмж өгнө.
69 дүгээр зүйлийн 69.3-т ажлын дараалсан хоёр өдрийн хоорондох тасралтгүй амралтын хугацаа 12 цагаас доошгүй байна.
– 72 дугаар зүйлийн 72.1-д ажил олгогч ажилтантай байршил, хугацааг тохиролцож дуудаж ажиллуулахад бэлэн байхаар хүлээлгэсэн хугацааг ажилласан цагт тооцно.
– 73 дугаар зүйлийн 73.1-д шөнийн цагаар ажилласан ажилтныг дараагийн ажлын өдөр нь шөнө ажилласан цагтай тэнцүү цагаар нөхөж амраана.
– 74 дүгээр зүйлийн 74.1-д ажил олгогч ажилтны хүсэлтээр түүнтэй тохиролцсоны дагуу ажлын цагийг богиносгож болно.
– 76 дугаар зүйлийн 76.1-д энэ хуулийн 69.2 дахь хэсэгт заасан ажлын өдрийн үргэлжлэлийг ажил олгогчийн санаачилгаар хэтрүүлэн ажиллуулсныг ажилтан илүү цагаар ажилласанд тооцно.
– 82 дугаар зүйлийн 82.1-д ажил олгогч ажилтны хүсэлтээр хувийн чөлөө олгож болно.
– 82 дугаар зүйлийн 82.2-д хувийн чөлөө олгох журам, чөлөөний хугацаа, хувийн чөлөөтэй байх хугацаанд олговор олгох эсэхийг хөдөлмөрийн болон хамтын гэрээ, бусад дотоод хэм хэмжээгээр зохицуулна гэжээ.
Энэ мэтчилэн олон зүйл заалтыг эргэж харах, засч сайжруулах, шинэчлэх, хасах шаардлагатай байна. Мөн ажилтны эрхийг нэмэгдүүлсэн, нөхөн олговор, илүү цагийн нэмэгдэл, хувийн хүсэлтээр чөлөө авах, чөлөөний хугацаанд нөхөн олговор, цалин авах, ээлжийн амралтын хугацаа нэмэгдсэн зэргээр орсон өөрчлөлтүүд нь ажил олгогч нарт халгаатай, ажил олгогч ажилтан хоёрын хооронд үл ойлгогдох урт хугацааны маргаан үүсэх, хөдөлмөрөөр хөгжлийг бүтээх бус халамжаар иргэдээ амраах бодлого болох эрсдэл үүсэхээр байгааг тэмдэглэх нь хэлэх нь зүйтэй.
Түүнээс гадна хуулийн төсөлд утга найруулга, өгүүлбэр зүйн алдаатай, найруулгын хувьд тодотгол хийх зайлшгүй шаардлагатай заалтууд ч олон байна. Хамгийн эмзэглүүштэй нь ажил олгогчоос гаргах зардал огцом нэмэгдэж, ажил олгогчийг 24 зүйл заалтаар торгохоор орсон шийтгэлүүд нь хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүргэж байна.
Монгол Улсын хөгжлийг урагшлуулж, ажлын байрыг бий болгодог ажил олгогчдыг ялгаварласан, халамжийн бодлогыг тусгасан хуулийн төсөл боловсруулсан Ажлын хэсэг, Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилд мянга мянган ажил олгогчдынхоо өмнөөс харамсаж буйгаа мэдэгдье.
Монгол Улсад ажил үйлчилгээ, үйлдвэрлэл явуулж буй олон мянган аж ахуйн нэгжүүд Хөдөлмөрийн тухай хуулиас гадна өөр бусад олон хууль тогтоомж, журмаар ажил үйлчилгээний хатуу нөхцөлд, шулуухан хэлэхэд хавчлага, торгуулийн системд ажиллаж байгааг энэ дашрамд онцолъё.
Ийм нөхцөл байдалд дахин ажил олгогч нарт хатуурхсан, үйлдэл бүрт торгосон, халамжийн бодлогыг өөгшүүлсэн хууль хэрэгжүүлэх нь Монгол Улсын хөгжлийн гарц биш билээ.
Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн Ажлын хэсэг, Монгол Улсын их хурал энэ асуудалд онцгойлон анхаарч, зөв шийдлийг эргэн харна гэдэгт найдаж байна.
Монголын ноос ноолуурын холбоо