“ДЭЛХИЙГ ГОЁХ МОНГОЛ НООЛУУР” ТӨСЛИЙГ ХХААХҮЯ-НД ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Одоогийн байдлаар Монгол Улсын ноолуурын салбар жилд бэлтгэн нийлүүлдэг ноолууран түүхий эдийн 30 хувийг дотоодын хэрэгцээнд авдаг бол 70 хувийг нь угаасан байдлаар татвар төлөлгүй экспортолж байгаа нь харамсмаар үзүүлэлт. Энэ нь стратегийн чухал бүтээгдэхүүнээсээ асар их орлого буюу 2,6 их наяд төгрөг олох боломжоо алдсаар байна гэсэн үг. Үүн дээр дэлхийн нийтийг хамарсан цар тахал үйлдвэрлэгчдэд улам бүр хүндрэл учруулсаар байна.
Үүсээд байгаа нөхцөл байдлыг харгалзан 2021 оны ноолуурын эргэлтийн хөрөнгийн зээл болон нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх асуудлуудыг шийдвэрлэх нь чухлаар тавигдаад байна. Үүнтэй холбогдуулан ноолуурын салбарын “Дэлхийг гоёх монгол ноолуур” төслийг боловсруулан танилцуулах зорилгоор Монголын ноос ноолуурын холбооноос удаа дараагийн уулзалт, хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, УИХ-ын судалгааны хүрээлэнгийн судлаач Н.Тогтох, эдийн засагч Н.Дашзэвэг нар болон салбарын томоохон үйлдвэрүүдийн төлөөлөлтэй хийлээ. Үүний үр дүнд ноолуурын салбарын “Дэлхийг гоёх монгол ноолуур” төсөл боловсруулагдаж ХХААХҮЯ-нд хүлээлгэн өглөө. Энэхүү төслийг цаашид УИХ болон Засгийн газрын гишүүдэд танилцуулж, хэрэгжүүлэх ажлуудаа төлөвлөөд байна.