МОНГОЛ-ИТАЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА НООЛУУРЫН САЛБАРТ
Текстилийн Технологи Төвийн талаар
Бүгд Найрамдах Итали Улсын Хөгжлийн Яам, Монгол улсын Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам, Монголын ноос ноолуурын холбоотой хамтран Итали улсын 100 хувийн
буцалтгүй тусламжаар Текстилийн Технологи Төв үүсгэн байгууллаа.
Дэлхийн цаг агаар жилээс жилд дулаарч хэрэглэгчид зөвхөн өнгө үзэмж, загвар дизайнлаг ибүтээгдэхүүнийг бус хөнгөхөн, биед эвтэй бүтээгдэхүүнийг сонгох болсон байна. Гэтэл Монголд үйл ажиллагаа явуулж буй ээрэх үйлдвэрүүд нь үндсэндээ 26 номерын бүдүүн ээрмэл үйлдвэрлэж байна. Цаашид нарийн ээрмэл утас үйлдвэрлэх шаардлагатай байгаа бөгөөд энэ чиглэлээр туршилт, судалгаа хийж, инженерүүдийг чадавхижуулах зайлшгүй шаардлагатай.
Энэ бүх үйлдвэрлэлт, технологийн салбарын тулгамдсан асуудлуудыг бид холбооны дэргэд Текстилийн Технологи төвийг туршилтын баазтайгаар байгуулсанаар шийдвэрлэх зорилт тавьж байна.
Текстилийн Технологи Төвийн гол зорилго
- Нарийн ээрэх үйлдвэрлэл болон сүлжих үйлдвэрлэлийн техник, технологийн судалгаа хийх, туршилт судалгааны үндсэн дээр цаашид ноос, ноолуурын боловсруулалтын түвшинд ашиглагдах тоног төхөөрөмжийн оновчтой хувилбарыг сонгох
- Нарийн ээрэх үйлдвэрлэлийг хөгжүүлэх туршилт, судалгаа хийх
- Нарийн ээрэх үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа инженер техникийн ажилтнуудыг давтан сургах, текстилийн технологийн төвийн тоног төхөөрөмж дээр сургалт хийх, чадавхижуулах
- Нарийн ээрэх утсаар сүлжмэл бүтээгдэхүүн хийх, туршилт судалгааны ажил хийх
- Бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийх, нарийн ээрэх үйлдвэрлэл болон сүлжих үйлдвэрлэлийн инженерүүдийг дадлагажуулах, сургалт хийх
Самнах машин
Түүхий эдээс хог хаягдлыг нь цэвэрлэж, самнан жигдрүүлж, ширхэгтүүд нь тодорхой хэм хэмжээгээр байрласан тууз үйлдвэрлэнэ
Туузлах, сунгах машин
Туузалсан түүхий эдийг дахин сунгах замаар нарийсгаж ээрэх үйлдвэрлэлийн шаардлага хангасан нарийн тууз (цувимал) үйлдвэрлэнэ
Ээрэх машин
Үйлдвэрлэсэн нарийн туузыг нарийсгаж, сунгах замаар эрчтэй дан утас үйлдвэрлэнэ
Ороох машин
Эрчилсэн дан утсыг шувтан патронд ороож дараагийн шат дамжлагад бэлэн болгоно
Лабораторийн давхарлах машин
Дан утсыг 2 давхарлаж эрчлэх машинд шилжүүлэхэд бэлэн болгоно
Лабораторийн эрчлэх машин
Давхарласан утсыг эрчилж хооронд нь холбоно
ХҮРЭХ ҮР ДҮН
- 2025 он гэхэд Монголд жилд бэлтгэх нийт ноолууран түүхий эдийн 60 хувиар эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт хэрэгжинэ Үйлдвэрлэсэн нийт бэлэн бүтээгдэхүүний 30 хүртэлх хувийг Монголын Хаан Ширхэгт гэрчлэх тэмдэгтэй брэнд бүтээгдэхүүн болгох зорилт хэрэгжинэ
- Нарийн ээрэх утасны үйлдвэрлэлд туршилт судалгаа хийж, хөгжүүлэлт хийх боломжтой болно.
- Нарийн ээрэх утсыг сүлжих үйлдвэрлэлд туршиж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж цаашдын хөгжүүлэлт хийх суурь бүтэц бий болно.
- Салбарын бүх үйлдвэрүүд мэргэшсэн инженер техникийн ажилтан, загвар зохион бүтээгчдээр бүрэн хангагдах юм.
- Италийн өндөр техник, технологийг эзэмшиж Монголд нутагшуулна./
ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТАЛААР
Нийт бэлтгэсэн ноолууран түүхий эдийн 60 хувьд нэмүү өртөг шингээж эцсийн бэлэн бүтээгдэхүүн хийх зорилтыг тавин ажиллаж байгаа бөгөөд 2022 оны байдлаар 14.2 сая ам.долларын тоног төхөөрөмжийг худалдан авсан байна. Цаашид Итали улсын 305 сая ам.долларын үнэ бүхий тоног төхөөрөмжийг 2 улсын Засгийн Газар хоорондын шугамаар хөрөнгө оруулалтын таатай нөхцлийг бүрдүүлэн авах шаардлагатай байна.