Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

НООЛУУРЫН САЛБАРЫНХАН МИЛАНЫ ЗАГВАРЫН ДОЛОО ХОНОГТ ОРОЛЦЛОО

Италийн Миланы загварын долоо хоног 2025 оны 2-р сарын 25-наас 3-р сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Миланы загварын долоо хоног нь дэлхийн шилдэг таван шоуны нэг бөгөөд жилд хоёр удаа зохион байгуулагддаг том арга хэмжээ юм. Энэ удаагийн Fashion Hub төсөлд дэлхийн хувцас загварын өнгө, чиг хандлагыг бий болгох, дизайнеруудын ур чадварыг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, хувцас загварын зөвлөх, дизайнеруудтай танилцах зэрэг олон боломжийг олгосноороо онцлог болов.

Миланы загварын долоо хоногт Монголын ноос ноолуурын холбоо (МННХ) ерөнхий зохион байгуулалтыг хийж Монгол Улсаа төлөөлөн GoMongolia брэнд концепцийн дор Топ Донж, Ханбогд Кашмир, Сноу Филдс, Гоёл Кашмир, Нэгүн Кашмир компаниуд эмэгтэй хувцасны намар/өвлийн коллекци бүтээгдэхүүнээ танилцуулав. Миланы загварын долоо хоногт оролцоход ерөнхий ивээн тэтгэгчээр Монгол Улсын Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яам, ивээн тэтгэгчээр Гадаад харилцааны яамны ITDM төсөл, ХХААХҮЯ оролцсон юм.

Монгол Улсын “GoMongolia” павильоны нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, МННХ-ны тэргүүн Ж.Бат-Эрдэнэ, Монгол Улсаас Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ц.Нарантунгалаг, Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Жиованна Пиккаретта нар оролцсоноос гадна Италийн загварын сэтгүүл Vogue, бусад холбогдох хэвлэлийн байгууллагууд, инфлүнсер, дизайнер, худалдан авагчид, Миланы бүтик дэлгүүрүүдийн эздүүд уригдан монгол ноолуурын онцлог, давуу тал, ондоошил, ялгарлыг бий болгосон дизайнеруудын бүтээлүүдтэй танилцлаа.

Fashion Hub-ийн гурав дахь өдөр Италийн хувцас загварын трэнд зөвлөх Orietta Pelizzari-тай панел хэлэлцүүлэгт Монголын дизайнерууд оролцож “Залуу хэрэглэгчдийн дунд өсөн нэмэгдэж буй зах зээл болох ноолуур нь байгальд ээлтэй, тогтвортой, удаан эдэлгээтэй” сэдвийн хүрээнд монгол ноолуурын талаар мэдээлэл өгч яриа өрнүүлэн, хэлэлцүүлэг хийлээ.

Энэ арга хэмжээний хүрээнд Монголын ноолуурын салбарын төлөөллүүд Италийн Милан, Ром, Биелла хотуудад ажиллаж Текстилийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо (ACIMIT), Италийн Хөгжлийн банк (CDP), Италийн Хөрөнгө оруулалтын кредитийн агентлаг (SACE), Текстилийн сургалт, судалгааны төв (MAGNOLAB INSTITUTE) зэрэг байгууллагуудтай уулзалт зохион байгуулан хоёр орны текстилийн салбарын цаашдын хамтын ажиллагаа, дэвшилтэт ногоон ээрэх тоног төхөөрөмжийг Монголд нутагшуулж анхан шатнаас эцсийн бүтээгдэхүүн хүртэлх дамжлага, боловсруулалтыг хийх зэрэг асуудлаар санал солилцлоо.

Түүнчлэн оролцогч зарим компаниуд Италийн шоурүүмүүдтэй холбоо тогтоож, гэрээ байгуулан бүтик дэлгүүрүүдтэй хамтран ажиллахаар болсон бөгөөд Миланы долоо хоног нь Монголын дизайнеруудад өөрсдийн брэндийг олон улсын тавцанд гаргах, ур чадвараа дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, хамтран ажиллах боломж олгосныг онцлоод, цаашид тогтмол оролцох хүсэлтэй байгаагаа компаниуд илэрхийллээ.