НООС НООЛУУРЫН САЛБАРЫН 2024 ОНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2024” үзэсгэлэн худалдаа 10 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.
Тус үзэсгэлэн худалдаанд Монголын ноос ноолуур, арьс ширний салбарын 100-гаад аж ахуй нэгж оролцлоо.
Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог нь монголын ноос ноолуурын салбарын үйлдвэрлэгчид байгальд ээлтэй, нийгмийн хариуцлагын хүрээнд дахин боловсруулсан бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хийж, тогтвортой үйлдвэрлэлийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэлдээ ашиглан уур ус, цахилгааны хэмнэлтийг хийн агаарын бохирдлыг бууруулахад оруулж байгаа хувь нэмрээ таниулан сурталчилсан.
Ноос ноолуурын салбарынхан өнгөрсөн оны ажлаа дүгнэж шилдгүүдээ шалгарууллаа. Үүнд:
– Салбарын шилдгийн шилдэг “Гран При” цом, өргөмжлөл – Говь ХК -ийн “GOBI F/W 24-25 SOUND COLLECTION “/Говь компани нь салбарын тогтвортой хөгжлийн бодлогыг баримтлан ноолууран хувцсыг хүний биед тухтай, өнгө, загварын өвөрмөц шийдэлтэйгээр өдөр тутмын, ажил хэрэгч, спортын, чөлөөт загварын олон төрлөөр урлаж төрөл бүрийн цүнх, акксисуар, гуталтай хослуулан цоо шинэхэн коллекцийг цогцоор нь бүрдүүлж анх удаа танилцууллаа. Гутлын ул нь доргилтоос хамгаалсан “shock-absorbing” технологиор шийдсэн, агаарын солилцоог бүрэн хангасан 100 хувь ноолууран материалтай, агаар нэвтрүүлдэг, чийг татахгүй, дулаахан, хөнгөн тул алхам бүрд тав тух мэдрүүлэх бөгөөд эдэлгээний хувьд урт, дахин боловсруулсан материал ашиглан OrthoLite буюу агаар нэвтрүүлдэг технологиор, хөлийн нум дэмжигчтэй хийгдсэн.
– Дахин боловсруулсан ноолууран онцлог бүтээгдэхүүн- Ханбогд Кашмир ХХК-ийн “Ноолууран плед” /Монголын ноос ноолуурын холбооны дэргэдэх текстилийн технологийн төвөөр үйлдвэрийн үлдэцээ задлуулж, дахин боловсруулсан 14/5.1, 26/2, 24/2 номерийн утас үйлдвэрлэж шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн туршилтыг амжилттай хийж дотоод гадаадын зах зээлд ноолууран пледийг үйлдвэрлэн гаргаад байна. Дахин боловсруулсан ноолуураар хийсэн бүтээгдэхүүн нь эдэлгээ болон хэрэглээний чанар нь үндсэн ноолууран бүтээгдэхүүнтэй ижил боловч үнэ нь 30 хувийн хямд байгаа нь хэрэглэгчдийн талархалыг ихэд хүлээгээд байна/
– Ноолууран онцлог, шилдэг бүтээгдэхүүнээр -Гурван Сор ХХК-ийн “Аялалын бүтээгдэхүүний багц” /Монгол оронд зочилж буй жуулчдад зориулж, Монголын стратегийн бүтээгдэхүүн болох ноолуураар унтлагийн хувцас, нүдний хаалт, гэрийн халат, дэрний уут, нөмрөг, бүтээлэг зэрэг аяны сетийг бий болгож аялалын компаниудтай хамтран ажиллаж салбар хоорондын бизнесийн кластерийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна./
– Тэмээний ноосон онцлог бүтээгдэхүүн- Эвсэг ХХК-ийн “НИРУН брэнд”/Хүний биед ээлтэй, тухтай, биеийн дулааныг төгс хадгалдаг хөнжил, гудас, аяны мишок, нуруувч, өвдгөвч, тохойвч зэрэг эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг коллекциор нь үйлдвэрлэж тэмээний ноосон бүтээгдэхүүний нэр төрөл, өрсөлдөх давуу талыг сайжруулж зах зээлийг тэлэхэд онцгойлон анхаарч түүхий эдий боловсруулах явцад гарсан хаг, өтөг бууц, нарийн хог шороог дахин боловсруулж ургамлын бордоог хийж байгаагаараа онцлог байлаа/
– Сарлагийн онцлог бүтээгдэхүүн- Уужин ХХК-ийн “Сарлагийн хөөврөн коллекци” /Сарлагийн хөөврөн түүхий эдийг цайруулалт хийлгүй өөрийнх нь өнгийг будаж, хөгжүүлэлт хийж, Монгол сарлагийн хөөврөөр нэхмэл болон сүлжмэлийг хослуулсан сүүлийн үеийн дэвшилтэт техник технологиор бүтээгдсэн дизайны шинэлэг өнгө төрх, хэв маяг бүхий бүтээгдэхүүнийг урласан./
– Шилдэг засалттай хэрэглэгчдийг татсан Стэнд -Ханбогд Кашмир ХХК /Стенд засалтыг олон улсын үзэсгэлэнгийн жишигт нийцүүлэн байгальд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний хэмнэлттэй тогтвортой үйлдвэрлэлийг хэрэглэгчдэд таниулах, салбарын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлсэн нь хэрэглэгчид, олон нийтийн талархалыг хүлээсэн/