ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ “АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА, AI НӨЛӨӨЛӨЛ” ДЭД АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛОВ.
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн “Ажиллах хүчний ирээдүйн чиг хандлага, AI нөлөөлөл” дэд ажлын хэсэг анхдугаар хуралдаанаа Төрийн ордоны Нутгийн удирдлагын танхимд хийлээ.
Дэд ажлын хэсгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ахалж, сайдын зөвлөх Д.Билгүүдэй, Халамжийн үйлчилгээний ерөнхий газрын нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Х.Тамир, Эм Эм Си Жи ХХК-ийн бодлогын судалгаа эрхэлсэн захирал Ч.Даваасүрэн, ХААИС-ийн ректор Н.Баярбат, Шинжлэх ухааны Академийн Тэргүүлэгчдийн газрын дарга А.Баярбаатар, Монголын ноос, ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нар болон эдийн засгийн бодлогын зөвлөлийн ажлын албаныхан, ноолуурын салбарын томоохон үйлдвэрлэгч Говь ХК, Кашмир холдинг ХХК, Ханбогд Кашмир ХХК-ийн удирдлагууд оролцож санал солилцов.
Эм Эм Си Жи ХХК-ийн бодлогын судалгаа эрхэлсэн захирал Ч.Даваасүрэн илтгэлдээ манай улсад 40-60 мянган иргэн ажилгүй, харин нөгөө талд нь ажил олгогчдод 30-40 мянган ажиллах хүч шаардлагатай байгааг дурдаад, ажиллах хүчний хомсдол 2028 он хүртэл үргэлжилж нэгдүгээрт цалин бага, хөдөлмөрийн бүтээмж бодитой үнэлэгддэггүй, хоёрдугаарт хүн ам зүйн өсөлт, гуравдугаарт “шинэ мянганыхан” буюу Z үеийнхний “хандлага”-ын талаар хөдөлмөрийн зах зээлд хийсэн судалгааг танилцууллаа.
Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг “Текстилийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх эрэлт, хэрэгцээ болон шаардлагатай ур чадвар, сургалт” сэдвээр илтгэл тавьж харилцан уялдаатай бодлого зохицуулалтын тогтолцоог бий болгох, татвар хууль эрх зүйн орчныг сайжруулах, ажиллах хүчнийг чадавхижуулах, эмэгтэйчүүд, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалт, зөвлөх үйлчилгээг хийх, хөдөлмөрийн зах зээлийн тогтолцоо, механизмыг боловсронгуй зэрэг олон асуудлыг дэвшүүллээ.
Цаашид хөдөлмөрийн зах зээл, ажиллах хүчний асуудлыг бодлогын түвшинд анхаарч үзэх шаардлагатай талаар талууд тогтмол уулзаж санал солилцох, шийдвэр гаргах түвшинд асуудлыг тавихаар болов.