ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ЭНХБАЯР НООЛУУРЫН САЛБАРЫНХАНТАЙ УУЛЗЛАА.
2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ноос ноолуурын холбоон дээр Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, ХҮБХЗГ-ын дарга М.Дондогдорж нар Монголын Ноос, Ноолуурын Холбоо, Кашмир Холдинг, Ханбогд Кашмир, Сор Кашмир, Сноу Филдс компаниудын удирдлагуудтай уулзалт хийж Говь ХК, Кашмир Холдинг ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтаар ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтыг 2025 оны 1 сарын 1-нээс хэрэгжүүлэх, эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын бага хүүтэй урт хугацаатай зээл, ноолуурын ээрэх үйлдвэрийн хөрөнгө оруулалт, ноос, ноолуурын салбарын хууль эрх зүйн болон татварын таатай орчныг бий болгох, НӨАТ-ын хуулийн хэрэгжилтэд тулгараад байгаа хүндрэл бэрхшээл, компаниудын хүний нөөцийг чадавхижуулах зэрэг салбарын өмнө тулгамдаж буй олон асуудлыг хөндөж санал солилцов.
Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, салбарын хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, ээрэхийн хөрөнгө оруулалтыг дэмжих, малчдын хоршоо үндэсний үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол ноолуур брэндийг олон улсад сурталчилахад дэмжин ажиллахаа илэрхийллээ.