ФРАНЦЫН “PREMIERE VISION” ҮЗЭСГЭЛЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
2024 оны 7 сарын 2-4-нд Францын Парис хотноо зохион байгуулагдсан “Premiere Vision” үзэсгэлэнд Монголын Хаан Ширхэгт бүтээгдэхүүний чанарын, Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн тогтолцооны стандартыг эзэмшигч Кашмир Холдинг, Ханбогд Кашмир, Сноу филдс, Говь-Эрдэнэ компаниуд Монголын ноос ноолуурын холбооны нэрийн дор ХХААХҮЯамнаас санхүүжүүлэн 18м2 талбайд нэгдэн 3 дахь удаагаа амжилттай оролцлоо.
51 дэх жилдээ зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэнд 50 гаруй орны 1,400 орчим оролцогчид өөрсдийн бараа, бүтээгдэхүүнээ танилцуулж 120 гаруй орны текстилийн салбарын мэргэжилтнүүд, сонирхогчид нэг доор цугларч санал бодлоо солилцон, туршлага хуваалцаж, эко, тогтвортой, инновацлаг, дахин боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжсэн томоохон арга хэмжээ боллоо.
Энэ жилийн үзэсгэлэн нь Францын зах зээлд худалдан авагч, хэрэглэгч, түншүүд Монгол ноолуурыг аль хэдийн таньдаг болж Монголын павилоныг онцлон ирж сонирхож, өмнөх жилүүдийн захиалгаа бататгаж, шинээр шинэ худалдан авагчидтай харилцаа холбоо тогтоох уулзалтыг хийж мэдээллээ солилцож нэмэлт захиалга, загвар дээжийг өгснөөрөө онцлог байлаа.
Цаашид “Premiere Vision” үзэсгэлэнд тогтмол оролцож Европын холбооны орнуудад Монгол ноолуурыг таниулах, сурталчилах шинэ зах зээлд нэвтрэх, тогтмолжуулахаар олон ажлуудыг хийхээр төлөвлөж байна.