АЛТАН ХУЛГАНА НААДАМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.
ШУТИС-ын Үйлдвэрлэлийн Технологийн сургууль нь дизайны мэргэжлээр сурч буй оюутан залуусын чөлөөт сэтгэлгээ, уран бүтээлийн онцлогийг харуулах, бүтээлч хандлагыг дэмжих, дизайныг тодорхойлсон бодлого концептийг нийтэд түгээх, сургалтын онцлогийг таниулах зорилготой жил бүр зохион байгуулагддаг “Алтан хулгана” наадам 18 дахь жилдээ зохион байгуулагдахаар өнөөдөр нээлтээ хийж ШУТИС-ын ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нар нээж үг хэллээ.
Алтан хулгана наадмын хүрээнд “Өчигдөрийн хаягдал Өнөөдрийн тансаг хэрэглээ” концепцийн доор дизайны чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулж буй сургуулиуд, тэдгээрийн суралцагч оюутнууд,үйлдвэрийн дизайнерууд хамтран нэг баг болж ур чадвар, уран бүтээлийн туршлага солилцох Хакатон тэмцээнийг Монголын ноос ноолуурын холбоо манлайлан зохион байгуулж, санхүүжилтийг 100 хувь хариуцан оролцож байгаа юм.
Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нээлтийн үеэр хэлсэн үгэндээ жилээс жилд хэрэглэгчдийн байгаль орчны талаарх мэдлэг нэмэгдэхийн хирээр дахин боловсруулсан, байгальд ээлтэй, тогтвортой ноолууран бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж бидний зохион байгуулж байгаа энэхүү тэмцээнээс Монголын текстилийн салбараас олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай технологи, инновацийн шинэлэг шилдэг бүтээл төрнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд оролцогч залуучуудад амжилт хүслээ.
Тус тэмцээнд мэргэжлийн дизайнер бэлтгэдэг Эм ай ю, СУИС, ШУТИС-ын ҮТС, Сити дээд сургууль болон ноос, ноолуурын үйлдвэрүүдээс Ханбогд Кашмир, Сор Кашмир, Кашмир Холдинг, Баялаг Өлзий, Нанс Кашмир, Говь-Эрдэнэ Кашмир компаниуд хамтран ур чадвар, уран бүтээлийн туршлага солилцон ноос ноолуурын холбооны дэргэдэх Монгол-Италийн текстилийн технологийн төвд үйлдвэрүүдийн үлдэц ноолуурыг дахин задалж 12/1, 26/2 номерийн утас ээрч Хакатон тэмцээнийг зохион байгуулж байгаагаараа энэ жилийн тэмцээн онцлогтой юм.
Түүнчлэн тэмцээний арга хэмжээний үеэр Эм Ай Ю Олон Улсын Их Сургуулийн Хувцас дизайны тэнхимийн эрхлэгч Ashley Kim, Японы Water Mark Co Ltd-ийн дизайнер Mikami Atsuko, ШУТИС-ын ҮТС-ийн Дэд профессор Д.Нарантогтох нар дахин боловсруулсан утасны шинж чанар, олон улсын бүтээгдэхүүний чиг хандлага, тогтвортой материал, Монгол ноолуурыг гадаад зах зээлд таниулах нь сэдвээр илтгэл тавьж мэдээлэл өгсөнөөс гадна Италийн Марангони Институт, Фейшн стилист Д.Мөнхбаясгалан “Төсөөллийн эрин үе” сэдвээр үе тэнгийн залуу дизайнеруудад илтгэл тавьж бодит байдал, дижитал хоёрыг хослуулах эрин үе ирж байгааг сонирхолтойгоор танилцууллаа.
Алтан хулгана наадмын хаалтын арга хэмжээ 5 сарын 19-ний өдөр болж шилдэгүүдээ шалгаруулах юм.